КОВИД-19 цар тахлын талаарх чихэнд чимэггүй мэдээ, мэдээллийг сүүлийн хэдэн жил өдөр болгон радио, телевизээр айдас хүйдэстэйгээр сонсож, үзэж байсан үед “Монголчууд өөрсдийн хүч, хөрөнгөөр Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 416,2 км төмөр замыг хоёрхон жилийн дотор барилаа” гэх төмөр замын бүтээн байгуулалтын тухай мэдээ цорын ганц гэмээр гэрэл гэгээтэй мэдээлэл байлаа.
Төмөр зам барих нэг хэрэг. Хамгийн гол нь төмөр зам байгуулахын гол зорилго нь тээвэр хийх буюу цаашдын ашиглалт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явдал юм. Энэ асуудал номер нэгд тавигддагТэр утгаараа мэдээж төмөр замын мэргэжлийн ажилтнууд удирдаж, төмөр замын тусгайлсан мэргэжилтэй ажилтнууд хэрэгжүүлдэг онцгой чухал салбар. Тиймдээ ч Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалтыг батлан гаргасан байдаг.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг улсын комисс ашиглалтад “онц” дүнтэйгээр хүлээн авсан. Энэ юу өгүүлж байна вэ гэхээр уг төмөр замын суурь бүтцийг стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьжээ гэсэн үг. Гэтэл шинэ барьсан төмөр замаар анхны тээвэрлэлтээ хийлээ гэх мэдээ цацагдаж бараг дуусаагүй шахам байхад галт тэрэг замаас гарсан осол болов. Үүнийг Зам тээврийн хөгжлийн яам осол бус гологдол хэмээн тайлбарласан нь олон хүний гайхлыг төрүүлэв. Энэ осол гарах болсон цаад шалтгаан нь мэргэжлийн бус хүмүүсийг хууль зөрчин ажилд томилсноос болсон гэх хүн ч байна. Тус компани үндсэндээ төмөр замын мэргэжлийн ажилтнаар дутагдаж байгаа нь “Төмөр замын мэргэжилтэй ажилтан авна” гэх байнга шахам явуулж байгаа зараас харагдаж байна.
С.Бэсүд