Мэргэжлийн хяналтын алба ажлаа онцгой эрчимжүүлэхгүй бол болохгүй цаг иржээ. Хан-Уул дүүрэг дэх спорт цогцолборын хашаанд баригдаж байсан орон сууцны барилгад гал гарч, хүүе хайя гэхийн зуургүй юу ч үгүй шатчихлаа. Хэрвээ захиалга өгсөн айлууд нь орсон хойно гал гарсан бол ямар их хохирол учрах байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй хүйтэн хөлс урсаж байна.
Мэргэжлийнхний дүгнэж байгаагаар чанаргүй хөөсөнцөрөөс болсон бололтой. Ер нь сүүлийн жилүүдэд барилгын дулаалгыг хөөсөнцөр, шилэн хөвөнгөөр хийдэг болсон. Энэ нь маш эрдсэлтэй шийдэл гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж байгаа юм. Тийм учраас Мэргэжлийн хяналтын албаныханд ажлаа эрчимжүүлэх шаардлага тулгараад байна.
Гал гарна. Дараа нь онцгойгийн аврагчид очно. Энэ бол байх л ёстой үзэгдэл биш л дээ! Өөрөөр хэлбэл, хариуцлагагүйн уршигаар гал гарч, дараа нь аврагчид баатарлаг гавьяа байгуулан гал унтрааж хүний амь аварлаа гэх мэдээ чухал биш. Хамгийн гол нь хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой амин чухал асуудал учраас гал гарахгүй байж тэр боломж нөхцлийг нь хангах ёстой юм. Өөрөөр хэлбэл, барилга барилга баригдаж байх явцад тавих хяналт шалгалт манайд ер нь байна уу? Чанарын үнэлгээ хийгддэг юм уу? Барилга байшинд гал гарах тохиолдол удаа дараа гарлаа шүү дээ!
Дахин хэлье. Энэ бол эрдэнэт хүний амь настай холбоотой онцгой асуудал! Тэр утгаараа хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллагуудын хараа хяналт хамгийн чухал гэдгийг яс махандаа тултал ойлгох цаг хэзээ ирэх вэ! Ниргэсэн хойно нь хашгираад л, хий дэмий халаглаад л өнгөрдөг гашуун туршлага хэдэн хүний амь насны үнэтэй вэ?
Д.Дорж