Шүлс, нус цэр халдварт өвчний хамгийн гол эx үүсвэр гэдгийг уншаагүй, сонсоогүй насанд хүрсэн хүн байтугай хүүхэд бараг байхгүй. Харамсалтай нь хаа тааралдсан газраа нусаа нийж, цэрээ хаяж явдаг хүмүүсийн тоо буурахгүй байна. Гоц халдварт өвчин болох сүрьеэгийн нян хөрсөнд 40 хоног хадгалагддаг гэж мэргэжлийн эмч нар анхааруулдаг ч тоож байгаа хүн тун цөөхөн. Дэлхийг түгшээж, олон сая хүнийг өвчлүүлж, олон сая хүний амийг авч одоод буй аюулт коронавируст халдварын үед бусдыгаа гэсэн сэтгэлтэй л бол нус цэрээ гудамж талбайд хаямааргүй л байгаа юм даа!
Автобусны жолооч нарын хувьд цонхоороо шүлсээ хаядаг муухай зуршилтайг иргэд байнга шүүмжилдэг ч засал авахгүй байна!
…МУБИС-ийн баруун талын буудлаас хөдөлсөн автобусны жолооч цонхоороо хоёр ч удаа шүлсээ хаялаа. Жижиг тэрэгнүүдийн дээр бохир цэрээ хаяж байгаадаа санаа сэтгэл нь огт зовохгүй байгаа нь гачлантай. Бүдүүлэг, бусдыг гэх сэтгэлгүй зарим автобусны жолооч нар хэчнээн олон хүүхдийн толгой дээр шүлсээ хаясан бол гэж бодохоос уур хүрмээр…Нус цэр, шүлсээ захирч чадахгүй, алгын чинээ даавуу халааслаад явах ухамсаргүй “нийгмийн дайснууд” хэзээ хариуцлага, ухамсар, соёл гэдгийг ойлгох юм бэ?
С.Болд