“Ковид-19”-ийн шинэ хувилбар дэлхийг дахин тэвдүүлээд эхэллээ. Англид гэрлийн хурдаар тархаж, Нидерланд хатуу хөл хорионд шилжив. Монгол Улсын хувьд энэ бол шинэ айдас, шинэ түгшүүр. Ийм хүнд үед төр засаг ч, ард иргэд ч өмнөхөөсөө хариуцлагатай, ухамсартай байх ёстой. Ялангуяа гадаад орноос ирж буй иргэд хууль дүрмийн дагуу шаардлагыг бүрэн биелүүлэх учиртай. Гэтэл мөн л өөрсдийнхөөрөө авирлаж, эрсдэл үүсгэж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж эхэллээ. Тухайлбал, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Гадаадаас ирсэн иргэдийн ухамсар жаахан тийм байна даа. Гэртээ 10 хоног бай, 4 дэх өдрөө шинжилгээ өг гэхээр уурлаж, хөөж тууж байна гэнэ. Үүнээс болж омикрон дэгдвэл яах болж байна аа!!!” хэмээн цахим хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлжээ.
Ганцхан ухамсар дорой хүний үйлдэл нийгмийг тэр чигээр нь аюулд автуулна гэдгийг үл тоомсорлож байгаа нь дэндүү харамсалтай. Омикрон хувилбарын тархах хурд онц аюултай гэж тодорхойлсон нь олон сөрөг үр дагавар дагуулна. Эмнэлэг ачааллаа даахгүй нь тодорхой. Тэртээ тэргүй унаад байгаа эдийн засаг улам элгээрээ хэвтэх нь ойлгомжтой. Болохгүй бол нийтийн эрх ашгийн төлөө төр төмөр нүүрээ харуулахаас өөр аргагүй!
Д.Дорж