Авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдуулж МАН ямар байр суурь баримталж байгаа талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Улс орны хэмжээнд, бүх л түвшинд шахуу МАН-ыг төлөөлсөн албан тушаалтнууд улс төрийн болон төрийн ажил, албан тушаал, удирдах албан тушаалыг хашиж байна. Эдгээр хүмүүсийн дунд алдаа гаргах явдал бас байна. Тэднийг өмгөөлж хамгаалахаасаа илүүтэй ард олонтойгоо, иргэдтэйгээ нийлж засаж залруулах нь бидний энэ цагийн үүрэг. Иймээс намынхаа дүрэмд тодорхой заалтыг оруулсан. Дүрмээ хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлчихлээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд МАН-ын аль ч шатны удирдах албан тушаалыг хашихгүй гэдэг дүрмийн заалтыг оруулсан. Жишээ нь, анхан шатны нэгжийн даргыг ийм хэрэгт холбогдсон этгээд хашихгүй заалттай боллоо. Бас дээрээс нь аливаа шатны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Цаашлаад эдгээр хүмүүс МАН-аас улс төрийн дэмжлэг авахгүй. Энэ мэтээр үндсэндээ хариуцлагын заалтыг оруулж өгснөөрөө онцлог” хэмээн онцлов.