Цар тахлын нөхцөл байдал амаргүй, хүнд хэвээр байна. Худалдаа, үйлчилгээний газрууд халдвар, хамгааллын дэглэмийг хамгийн өндөр түвшинд хангах ёстой. Аль нэг супермаркетийн сэтгэлгүй, хүйтэн, хариуцлагагүй хандлагаас болж олон хүн халдвар тээгээд гэртээ харьж байгаа нь байж боломгүй асуудал.
Худалдаа, үйлчилгээний газруудад тавьж байгаа шаардлагаар бол үүдэнд нь халдвар, хамгааллын хувцастай тусгай ажилтан сууж, үйлчлүүлэгч нэг бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутгах ёстой. Харамсалтай нь тэр шаардлагыг хангаж байгаа дэлгүүр хоршоо, худалдааны төв өдрөөс өдөрт цөөрч байна. Халуунаа хэмжүүлж, QR кодоо уншуулж байж нэвтрэх нэг ч хүн ч байхгүй боллоо.
15 дугаар хороололд байx нэгэн гоё нэртэй супермаркетад орвол автомат халуун хэмжигч ч алга. Гар ариутгагч ч харагдсангүй. “Халуун хэмжигчээ яасан бэ?” гэж асуувал “Ажиллахгүй байгаа” гэдэг байгаа. “Та бүхэн шаардлага тавихгүй бол орж ирсэн хүмүүс шууд л орно шүү дээ. Дотор нь халдвартай хүн ч байгаа” гэвэл “Харин тиймээ” гэхээс өөр үг хэлсэнгүй. Тэр дэлгүүрт хүн олон байлаа. Даанч касс нь ганцхан. Дэлгүүрт 15 минутаас дээш байж болохгүй гэдэг зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Ганцхан касс ажиллаж байхад хүний бөөгнөрөл үүсч, тэр хэрээр эрсдэл нэмэгдэнэ. Үүнийг бодолцох сөхөөтэй зохион байгуулагч тэр “супермаркетад” байхгүй бололтой. Худалдан авагчдын хувьд ч өөрсдөө ухамсараараа зайгаа барьж мэдэхгүй байгаа нь эмгэнэл. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжийн ажилтнууд шаардлага тавих ёстой. Энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа нь халдварыг нэмэгдүүлэх том шалтгаан гэдгийг одоо болтол ойлгоогүй байна! Нэгэн жижиг хүнсний зах дотор мөн л амны хаалтгүй хүмүүс хүнс цуглуулаад явж байх юм. Насны хувьд 60 дөхөж байгаа эмэгтэйгээс “Та олон нийтийн газар яагаад амны хаалтгүй явж байгаа юм бэ” гэж асуувал хүний үгийг тоосонгүй. Тийм ухамсар дорой хүмүүсээс болоод худалдан авагч хайртай хүмүүстээ халдвар тээгээд харьж байна шүү! Уг нь тухайн захынхан үүдэндээ тусгай ажилтан суулгаад амны хаалтгүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх ёстой. “Найман нэр”-ийн дэлгүүр, ТҮЦ-тэй бүр ярих ч юм алга.
Томоохон хүнсний захууд халдвар, хамгааллын тал дээр утгаа алджээ. Үүдэнд нь халуун хэмжигч, гар ариутгагч ч байхгүй. Хүмүүс ч хуучин шигээ бөөгнөрч, хэнэггүйтсээр…Ийм байхад яаж вирусын тархалт багасах юм бэ?!
Ариутгал, халдваргүйжүүлэлт, угаалга, цэвэрлэгээг цар тахлын үеийн дүрэм журамд нийцүүлэн хангаж чадахгүй байгаа дэндүү хариуцлагагүй, ухамсаргүй байдалд хариуцлага тооцоё! Мэргэжлийн хяналтынхан шалгалтаа хийж, шаардлагаа өндөржүүлээч! Цар тахал хэзээ дуусч, бид хэзээ хэвийн амьдралыг орохыг одоогоор хэн ч хэлж чадахгүй байхад байгууллага, иргэд хариуцлагаа хэрхэвч сулруулж болохгүй!
С.Сувд