УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг /УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог/ нарт болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт уламжлах хүсэлт:
Өнгөрөгч 6 дугаар сарын 1-нд хотын даргын зүгээс нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ. Энэ бол иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг хангасан шийдвэр болсон юм. 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгоод байсныг цуцалсан гэсэн үг л дээ. Харин саяхнаас хашаалаад амжсан уг газрыг онгичоод эхэлсэн талаар тухайн хорооныхон гомдоллох болов. Жуковын хөшөөний хойно орон сууц юм уу, эсвэл шатахуун түгээх станц баривал иргэд хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Мөн маш хүнд даацын машин техникүүд шороо ачин орон сууцны дэргэдүүр ойр ойрхон явж байгаагаас зам эвдрэх, улмаар барилгуудад цууралт өгөх эрсдэлтэй гэж оршин суугчид дургүйцэж байгаа нь хоосон сүржигнэл биш л болов уу. Үүнд нийслэлийн ЗДТГ-ын зүгээс албан ёсны хариу өгнө үү?
Энэхүү асуудалд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар онцгой анхаарал хандуулахыг хүсье. Ер нь сүүлийн жилүүдэд 15 дугаар хорооллын орон сууцны зай завсар болгонд 13-16 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос болж тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх болсон. Сургууль, цэцэрлэгийн ачаалал ч эрс нэмэгдэж, хүүхдүүдийн ая тухтай орчинд суралцах боломж алдагдаж байна! Учир иймээс энэхүү асуудлыг ул суурьтай судалж, шийдвэртэй арга хэмжээ авч өгнө гэдэгт гүнээ найдаж, цаг заваа зарцуулан уламжлав.
Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт коронавирусын халдварын улмаас байдал хүндэрч, эмнэлгийн тусламж хүндээ хүрэхгүй байгаа нь бодит үнэн. Та бүхэн энэ бүс нутгийн ард иргэдийн итгэлийг авч төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний төлөөллийнхөө хувьд хүнд нөхцөл байдалд байгаа дүүргийн асуудалд анхаарлаа хандуулж, сонгогчдынхоо амь нас, эрүүл мэндэд санаа сэтгэл тавина уу. Бодитой бодлого, дэмжлэг тусламж амин чухал хэрэгтэй байна! Эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авсан тохиолдолд тухайн өрх айл элэг бүтэн үлдэж, бяцхан үр сэтгэл дүүрэн өснө гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Тухайн иргэний зовлон төр, улсын зовлон биш гэж үү?! Ор байхгүй гээд буцаан хувь заяанд нь даатгахын цаана үхэл л хамгийн ойр харагдаж байгаа нь гашуун үнэн шүү! Өвчин нь хүндрээд хэвийн байдалдаа орох, эсэх нь тодорхойгүй тэр л ээжийн өмнөөс Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хорооны иргэдийг төлөөлж сэтгүүлч Д.Лхагвадорж унтаж үл чадан бичив. Удахгүй цуврал сурвалжлага хүргэх болно.