Коронавирусын халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ хэрээр үхэл эндэгдлийн тоо өсч байна. Энэ бол гамшиг. Энэ бол айдас. Өдөрт 15-20 хүн нас барна гэдэг бол цөөхөн монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц сөрөг үр дүн! Аравхан хоногт 200 орчим хүн ковидын хүндрэлээр нас барж байна гээд бод доо! Эндэгдлийн тоо цаашид ч өсөх магадлал өндөр байна гэж эрдэмтэд анхааруулаад байгааг Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам яаралтай анхааралдаа авч, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай, уг нь.
Хамгийн аймшигтай нь дайны хажуугаар дажин гэгчээр улирлын томуугийн өвчлөл хавсраад эхэлчихлээ. Ковид сураггүй байх үеийн 11-12 дугаар сард ханиад томуу эмнэлгийн ачааллыг ямар их нэмдэг байсныг үр хүүхэдтэй хүн болгон мартах ёсгүй. Өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрч, улаан гэрэл асдаг байсан нь үнэхээр хүсэхийн аргагүй аймшигтай хар дурсамж. Тэр л үзэгдэл энэ жил дахиад давтагдах нь бололтой. Хэрэв үүний эсрэг арга хэмжээ авахгүй бол хэчнээн олон хүүхэд томуугаар хүндэрч, улмаар амиа алдахыг төсөөлшгүй. Эмнэлгүүдийн байж байгаа царайгаар бол энэ өвлийг яаж мэнд давна даа л гэх айдас бодитой дагаж байна.
Ковид тархаагүй байх үед /2019 онд/ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн “Хүлээн авах” дээр халуунтай хүүхдээ авч очоод бүтэн 4 цаг дугаарласан тохиолдол олон гарсан. Ийм дүр зургийн цаана ямар аюул нуугдаж байгаа нь дэндүү тодорхой! Энэ өвлийг цөөхөн монголчууд хохирол багатай, болж өгвөл нэг ч хүний алтан амьны золиосгүй давах юмсан! Ингэхийн тулд эмнэлгийн тусламжийг л цаг алдалгүй авах ёстой! Хүн болгонд хайртай хүмүүс нь бий!
Д.Дорж