Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшин ялалт байгуулж байсан билээ. Гэхдээ АН-аас хөөгдсөн Лу.Болд, Ж.Батзандан нарыг ШИНЭ нам гэгчийг байгуулахад дэмжиж хөдөөгүүр хамт явсан юм. Нэг ёсондоо гишүүнээр элссэн мэт тодорхой харагдаж байв. Хачирхалтай нь төд удалгүй ШИНЭ намаас нүүр бууруулж АН-д орж, улмаар 2020 оны сонгуульд Увс аймагт тойрог авах нь тэр. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэрүү ялагдсаныхаа дараа төрсөн нутгийнхандаа гомдож байгаагаа уйлах шахам дуулиантайхан мэдэгдсэн юм. Бүр “Би Увсад ахиж ирэхгүй. Увсынхан миний дууг битгий сонсоорой” гэж “аймаар” хилэгнэснийг хүмүүс санаж байгаа.
Харин саяхнаас мань эрийн улстөрийн идэвх сэргэж эхэллээ. Нөхөн сонгуулийн чимээ түүний улстөрийн “харшлыг” сэрээсэн байж мэднэ. Юутай ч эрхэм гавьяат маань АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. “Сүүлийн үед Ардчилсан нам маань маш их хэрүүл уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр, зөв шийдлүүд гардаггүй. Хэрүүлийн бузар гэж байдаг. Өмнөх хэрүүлээ дийлэхгүй хүмүүс улс түмнийг төвхнүүлж чадахгүй. Түмэн олноо гэсэн зөв бодлого гарахгүй. Мөн миний зарчимд нийцэхгүй байгаа учраас Ардчилсан Намаас гарч байна” гэдэг тайлбар хэлэв.
Түүнийг АН-д элсэж байх үед ч тус нам дотооддоо үймээн бужигнаан, зодоон цохионтой л байсан. Тэр үед үгийн сайныг хэлж хаалгыг нь татаж орчихоод одоо ийм шалтгаан тоочиж, намаа орхиж байгаагийн цаана чухам ямар учир шалтгаан байна вэ? Хэнтэй ямар тохироо хийгээд эхлэв? Удахгүй тодорхой болох байх. Уг нь гишүүн байхдаа чуулганы хуралдааны танхимд “Танай хоёр нам одоо болиод зайгаа тавьж өг” гэж МАН, АН-д хандан хатуухан үг чулуудаж байсан даа.
Д.Дорж