Монголчуудад алдаанаасаа суралцах чадвар, ухамсар алга. Өнгөрөгч хавраас эхэлж гавьяатын найр хийж самарснаас болж коронавирусын халдварын тоо 2000 хол давсныг яагаад ийм амархан мартаж байна вэ?
Намар бол найр хуримын сар. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал аюултай түвшингээс буурахгүй байна. Ийм эгзэгтэй үед найр хуримаас татгалзахыг мэргэжлийн хүмүүс эртнээс анхааруулсан. Харамсалтай өнөөх л хэнэггүй зангаараа хурим найр хийхээр шийдэж, заллагаа хэдийнэ тараагаад амжжээ.
“Хасаад хасаад 200-300 хүнтэй л хурим болох гээд байна. Одоо хийдэг л байх даа” гэж хээв нэг ярьж яваа хүнтэй таарлаа. Тэр 300 байтугай гурван хүн хэчнээн олон хүнд тараах аюул бий гэдгийг ойлговол ойлгохоор цаг хугацаа өнгөрлөө шүү дээ. Хүн хоорондын зай барих нь ковидоос сэргийлэх хамгийн үр дүнтэй аргын нэг гэдгийг баталчихаад байхад халамцуу согтуу улс нэг нэгэнтэйгээ золгох нь гарцаагүй. Үнсэж үнгэж, хүзүү сэрээрээ тэврэлдэж саймшрах нь “хууль”. Маш богинохон хугацаанд олон хүнд халдварлах чадвартай Дельта хувилбар Монголд илэрчихээд байхад цаг наашлахыг хүлээж болдоггүй л юм байх даа! Монголчуудын хэнэггүй занг өвчин тахал тойрохгүй гэдгийг л ойлгомоор байна!
Д.Дорж