13 орчим насны хоёр банди дэлгүүрийн үүдэнд тамхи татаж зогсоно. Хэлж байгаа үг яриа нь нэг л биш ээ. Хаанаас, хэнээсээ сурдаг юм бэ гэмээр бохир үгийг гамгүй урсгана. Төдхөн тамхиа унтраалгүй хаяснаа “Бэлэн гоймон авая” гэсээр дотогш оров. Ердөө хажууханд нь, бараг гар доор нь хогийн сав байхад татсан тамхины ишээ тийш нь хийх ухамсар алга.
16-17 насны гурван охин гудамжинд нэгэн настай эрэгтэйг мөргөчихөв. Нөгөө хүн “Урдах замаа харж яваач” гэж ундууцвал тамхи зууж явсан намхан охин уучлалт гуйхын оронд “За, хуцаа хуц” гэдэг байгаа.
Хар багаасаа тамхинд орсон, дээр нь бусдыг хүндлэх чадваргүй, ёс суртахуун, ёс зүйн талаар мэдэгдэхүүнгүй, хүмүүжилгүй, нийгмийн ухамсаргүй өсвөр үе төлөвшиж байна гээд бодохоор хэн хүнгүй санаа зовох учиртай! Тийм багаасаа тамхи татаж сурсан юм чинь мөдхөн архи, цаашилбал мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь хүлээж буй бодит эрсдэл!? Ер нь ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүүхдийн тоо буурахгүй байгаа юм билээ.
Коронавирусын халдварын дэглэлт улс орныг бүхэлд нь түгшээж байгаач нийгмийн бусад эмзэг сэдвийг орхигдуулж хэрхэвч болохгүйг энэ жижигхэн жишээ хэлээд өгч байна.
Төр засгаас эхлээд дугаар хорооны иргэн хүртэл цар тахлаар “амьсгалж” байгаа ийм хүнд үед хүүхдийн хүмүүжил орхигдох ёсгүй. Хичээл сургууль завсардсан ороо бусгаа цагаар хэсэг бүлгээрээ нийлж, уулзалтаа буруу зүйлд зориулах хүүхдүүд цөөнгүй байгааг холбогдох газраас анхааруулсан. “Бага насны хүүхэд газ үнэрлэж байгаа ч нас барлаа” гэдэг мэдээ бол уг нь аймшигтай гэдэг ухагдахуунаас давсан дэндүү аймшигт мэдээ. Гэтэл хүмүүс тийм ч хүндээр тусгаж авахаа больчихож. Хэдхэн хоногийн өмнө 11 настай балчир хүүхэд хоёрын хоёр хүүхдийн амийг хэрцгийгээр хөнөөлөө шүү дээ! Нөгөө фейсбүүк, твиттерт “амьдарч” бусдын мууд дурлаад байдаг “нийгмийн идэвхтэй” хүмүүсээс оновчтой гаргалаа, дэвшилттэй санаа нэг ч гарсангүй. Хүүхдүүд буруу хүн болж төлөвшвөл улс орон буруу зам руу хальтирна гэдэг тэр агуулгаар хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, нэгийг бодох цаг болчихоод байна!
“Өсвөр үеийнхний сэтгэлзүйг зөв тийш нь залж чиглүүлэх нь эцэг, эхийн үүрэг хэдий ч Соёлын болоод Боловсрол, шинжлэх ухааны яам нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн даацтай бодлого хэрэгжүүлэхгүй бол цаг урссаар, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд буруу тийшээ гулссаар байна! Өнөөдрийн хүүхэд багачууд маргаашийн Монголын толь! Хамгийн гол нь Монголын маргааш гэрэлтэй байхын төлөө зарим хариуцлагагүй, араатанлаг сэтгэхүйтэй эцэг, эхчүүдтэй тулж ажиллая! Төрийн холбогдох байгууллагууд-сургууль-эцэг эх гэсэн гурвалсан холбоосын хүрээнд хүүхдийн хүмүүжилд анхаарна гэдэг боловч ор нэр төдий байсаар өдий хүрлээ!
Д.Лхагва