Хамгийн их “ярьдаг” улстөрчийн нэг нь Л.Оюун-Эрдэнэ байлаа. Тэрбээр “сул” гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхдаа хэвлэлд хамгийн нээлттэй хүн байсан юм. Харин Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хагас жил гаруйн хугацаанд өмнө ярьдаг шигээ дуугарахаа больсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, одоо Л.Оюун-Эрдэнийн үг нь цөөрчихөөд байгаа юм. Гэхдээ тэрбээр “сул” гишүүн байхаасаа ярьж ирсэн асуудлаа үйлдлээрээ нэлээд чангахан шийддэг болсон талаар улс төрийн хүрээнийхэн, ажиглагчид, ер нь олон нийт ярьж эхлэв. Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас харвал энэ үнэний ортой ажээ.
Хамгийн сүүлд өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлж, албан тушаал хашиж байхдаа холбогдсон асуудлуудыг нь шалгуулахаар АТГ-т шилжүүлэв. Л.Бямбасүрэн саяхан даа, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэдэг. Өмнө нь ажил, албан тушаалтайгаа холбоотой олон асуудалд нэр холбогдож байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байв. Тэрбээр “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү” гэсэн байдаг. Ингэж хэлснээсээ дөрвөн сарын дараа Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Өдгөө Замын-Үүдээс эхлүүлсэн авлигын индексийг бууруулах арга хэмжээ нь хэрэгжээд явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын эхээр Замын-Үүдийн ачаа тээвэр нэвтрэх үйл явц, нөхцөл байдалтай танилцсан. Улмаар долдугаар сарын 5-нд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж, Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцүүлсэн. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, Замын-Үүд боомтод ажиллуулж эхэлсэн юм.
Энэ талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 19-ний өдөр “Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулж байна. Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ.
Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдсэн.
Энэ арга хэмжээний хүрээнд төрийн нэрийн өмнөөс Замын-Үүдэд үүрэг гүйцэтгэж байсан удирдах түвшний хүмүүсээс гадна сүүлийн үед АТГ, ТЕГ, ЦЕГ-аас саатуулан шалгаж буй зарим хүн хилийн боомтууд дахь авлигын асуудалтай холбогдож буй ажээ.
Тухайлбал, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбатыг Замын-Үүдтэй холбоотой асуудлаар баривчилсан гэх мэдээлэл бий. Түүнийг баривчлах үед гэрээс нь их хэмжээний ам.доллар, чагнах хэрэгсэл хурааж авсан гэдэг.
Мөн Нийслэлийн ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн жолоочийн гэрээс их хэмжээний мөнгө хураасан. Ш.Нямдоржид холбогдуулан шалгах бас нэг үйлдэл нь Замын-Үүдтэй холбоотой гэж байна.
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа 2020 оны есдүгээр сарын 23-нд хэвлэлээр нэг мэдэгдэл хийж байв. Тухайн үед өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудал яригдаж байсан юм. Тэрбээр “Намайг тагнаж, чагнасан хангалттай нотлох баримт байгаа. Тиймээс тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний асуудал биш” гэж байв.
Тэгвэл ТЕГ-аас 2021 оны наймдугаар сарын 2-нд тус газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцад шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, маргааш нь прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан. Түүнийг сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нартай хамт байхдаа яриаг нь бичиж авсан гэх хэрэгт холбогдуулж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Учир нь сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нарын ярианд ч хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй зүйл яригдсан байдаг. Үүнээс гадна Б.Хурцыг урьд өмнө дэлгэгдэж байсан улс төрийн холбогдолтой бичлэгүүтэй холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Дашрамд дурдахад, уг бичлэг хийгдсэн Т.Бадамжунайгийн хувийн оффист очсон, одоо УИХ-ын гишүүн болсон 27 хүний бичлэг гарч ирсэн гэх мэдээлэл бас яригдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг “сул” гишүүн байхаасаа шүүмжилж ирсэн. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр “Тусгай албаны хүн бизнес эрхэлж болох уу. Энэ бол олон улсын протоколоор байж болохгүй зүйл. Уул уурхай, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой олон том төсөлтэй Б.Хурц гэдэг хүн холбогддог. Хэдий шүүх тогтоогоогүй ч олон нийт, ард түмний дунд тодорхой түвшинд ийм мэдээлэл байхад бид нээлттэй хэлэлцэх ёстой. Энэ Их хурал үүргээ биелүүлж чадахгүй бол миний бие нам харгалзахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тэмцэнэ” гэж байв.
Үүнээс хоёр жилийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ баталсан байдаг. Мөн Б.Хурцын асуудлыг ч Л.Оюун-Эрдэнэ орхиогүй. 2021 оны гуравдугаар сарын 8-нд С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоронд хоригдож байсан Т.Чимгээтэй очиж уулзсаныхаа дараа “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй” гэж тайлбар хийсэн.
Мөн тэр үеэрээ нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнтэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина. Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Шүүгч, прокуроруудын хэрэг болж таарсан. Банк ч оролцож байгаа. Шулуухан хэлэхэд шүүгч нар “Ариг” банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нөлөө бүхий албан тушаалтан оролцсон гэдэг нь тогтоогдоод явж байна. Үүнийг шалгаж байгаа” гэсэн байдаг.
Дараа нь 2021 оны тавдугаар сарын 15-нд “Цаашдаа Монгол Улсад хүнийг хэзээ ч эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, ял завшдаггүй, шүүх дарга, энгийн иргэнд өөр ханддаггүй байгаасай гэж бодож байна. Б.Баасанцогт, Б.Хурц нар шиг хүмүүс дахин битгий төрөөсэй” гэсэн байдаг.
Тэгвэл 2021 оны долдугаар сарын 25-нд өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татах тогтоолыг прокурор үйлдсэн. Түүнийг нэр бүхий шүүгч нар, хууль хяналтын байгууллагынханд хахууль өгсөн хэргээр шалгаж эхэлсэн. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогтоос хахууль авсан, “Ариг” банк дээр явагдсан хууль бус үйл ажиллагаа, үүнд оролцсон гэх Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж, Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат, мөн Г.Өлзийбүрэн нарыг ч шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнчлэн 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэж, саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэдэн сарын, магадгүй хэдэн жилийн өмнө ярьсан “хэрэг”-үүд өнөөдөр хууль хяналтын байгууллагаар ээлж дараалан шалгагдаж байна. Харин тэрбээр өөрөө эдгээр асуудлын талаар ам нээхээ болиод байгаа юм.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин