Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрчихөөд байхад л АН учраа олохгүй байна. Тийм хүсэл зориг тус намын шийдвэр гаргах түвшний хүмүүст огт алга. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээр хуваагдаад хэн нь АН гэдэг нэрийг өмчлөх вэ гэдэг тулаан явж байгаа нь тодорхой боллоо.
Нэлээд хэд хоногийн өмнө С.Эрдэнэ “Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа. Үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН ямар өртэйг гайхаж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр уур бухимдлаа илэрхийлсэн. Энэ хүн Ц.Элбэгдорж хоёр дөрөө харшаад удаж байгаа.
Харин саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын 2020 оны сонгуульд хамгийн муу нэр хүндтэй хүн АН-ыг удирдаж, оролцсон. Энэ хамгийн муу нэр хүндтэй улстөрч мөн л Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө нэр дэвшүүлж оролцсон. Энэ бол цэвэр МАН-ын хүссэнээр хийсэн ажил. АН-ын олон гишүүд С.Эрдэнэ гэдэг хүн У.Хүрэлсүх, МАН-тай харилцан тохиролцож, энэ бүх үйлдлийг хийж байгаа гэж хардаж байна. Би ч сүүлийн үед энэ үзэл бодол дээр бат зогсдог болсон. С.Эрдэнэ гэдэг хүний явах цаг нь болсон. Ардчилсан Нам дараагийн даргаа сонгоод цаашаа явахгүй бол бидэнд хийх ажил маш их байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Б.Пүрэвдорж бол Х.Баттулгын хүн бөгөөд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэх гэж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж явсан хүний нэг. АН-ын дотоодод өрнөсөн дайн ширүүссээр байгаа нь тодорхой харагдлаа.
Д.Дорж