Зун болгон орон сууцны айл өрхийн хэрэглээний халуун усыг урт болон богино хугацаагаар тасалдаг нь гэм биш зан. Шалтгаан нь ээлжит шугам сүлжээний засварын ажилтай холбоотой. Угаасаа тийм л хариугаар ам тагалдаг. Иргэд ч энэ хариултанд дасал болчихсон учир халуун усаа ирэх цагийг тэвчээртэйгээр хүлээдэг.
Гэхдээ “Засварын ажлаа нэг мөр олон жилийн настай хийчихэж болдоггүй л юм байх даа” гэж ундууцах хүмүүс даанч олон. Халууны улиралд халуун ус шиг хэрэгцээтэй зүйл ховор болохоор бухимдах иргэдийг буруутгах ямар ч үндэсгүй л дээ.
Ялангуяа цар тахлын дэгдэлт аюултай түвшингээс буурахгүй байгаа ийм эрсдэлтэй, эгзэгтэй үед цэв хүйтэн усаар гараа угаагаад халдвараас сэргийлж чадах уу? Орж ирээд шууд л халуун бүлээн усаар гараа угаах ёстой биз дээ? Ийм хэцүү үед хувийн ариун цэвэр хамгийн нэгдүгээрт тавигдаж байгаа. Гэтэл халуун ус нь тасарчихаад тэр шаардаад байгаа халдвар хамгааллын дэглэм чинь доголдоход хүрч байна!
Өөрийгөө Надмид гэж танилцуулсан эмэгтэй ярихдаа “Манайх 15 дугаар хороололд байдаг. Халуун ус тасраад хагас сар боллоо. Уг нь 7 дугаар сарын 31 хүртэл тасарна гэж контороос мэдэгдсэн. Тэр хугацаандаа ирсэнгүй. Асуусан чинь “Шугам сүлжээнд гарcан гэмтлийг олохгүй байгаа юм билээ. Хэзээ ирэхийг мэдэхгүй” гэдэг хариу өгөх юм. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу бүү мэд. Ямар ч байсан мөддөө халуун усны бараа харахгүй нь бололтой. Хүүхдүүд гадаа тоглож орж ирээд хүйтэн усанд гараа угаахаас дургүйцээд байна. Тэгээд ч хүйтэн усаар гараа угаагаад элдэв нян, бактер амархан арилах уу? Холбогдох газрууд нь яаралтай арга хэмжээ аваачээ” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба энэ асуудалд шуурхай анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авах цаг болжээ!
С.Болд