Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Сурталчилгаа ид үедээ үргэлжилж байхад иргэдийг цагаан сонголт хийхийг уриалж байгаа нь ямар хор уршигтай талаар УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
-Төрийн тэргүүнийг сонгох сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Гэтэл дарангуйлал тогтоно гэдэг ч юм уу Үндсэн хуулийн бус сурталчилгаа явж байх шиг?
-Монгол Улс найм дахь удаагийн Ерөнхийлөгчөө сонгох ардчилсан сонгууль явуулах гэж байна. Гэтэл төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг дарангуйлал тогтоно гэдэг ч юм уу янз бүрийн байдлаар ухуулга сурталчилгаа явуулж байна. Тийм ямар ч үндэс байхгүй. Монгол Улс Үндсэн хуулиа дагаж мөрдөөд 30 жилтэйгээ золгох гэж байна. Үндсэн хуулиар төрийн тэргүүн УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага Засгийн газар, шүүх эрх мэдэл, орон нутагт ямар байх ёстойг заагаад өгчихсөн. Тийм учраас харилцан бие биедээ хяналт тавьж эрх мэдэл нь хяналт тэнцэлтэйгээр хуваарилагдсан. Үүнийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам боловсронгуй болгоод өгчихсөн. Нэг хүний юм уу нэг хэсгийн гарт эрх мэдэл төвлөрнө гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиар цөм хугацаатай. Хугацаагүйгээр томилогдсон газар л тийм яриа байдаг болохоос биш манайх шиг дөрөв дөрвөн жилийн хугацаатай сонгууль явагдаж, засгийн эрх нэгээд нөгөөд тайван замаар шилжиж ирсэн нь Монголын ардчилллын том ололт юм. Үүнээс ухрах зам байхгүй, Үндсэн хуулиар заагаад өгчихсөн том хад юм. Дарангуйлал тогтоно гээд сурталчилгаа хийгээд байгаа нь түр зуурын явуургүй тухайн үед сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн хөнгөн хэлбэрийн ов заль юм. Тиймээс манай ард түмэн сонгуулиас сонгуулийн хооронд хэрсүүжиж дотроо бодолтой дороо суурьтай хэнийгээ сонгох оо өөрсдөө шийддэг эрхтэй ард түмэн. Сонголт бол ямар ч үед мэргэн байсан гэдгийг хэлж чадна. Энэ удаад ч гэсэн иргэд өөрсдийн хүсэлт зоригоори хэнээс ч дарамт шахалтгүйгээр сонгуульд оролцох гэж байгаа нь илт харагдаж байна. Ийм учраас энэ удаагийн яригдаж байгаа зүйл болгонд няцаалт өгөх бүрэн үндэслэл бий. Гэхдээ олон түмэн ойлгож байгаа учраас их олон зүйл нурших нь илүүц биз.
– Санхүүгийн хувьд цагаан сонголт хэр хор уршигтай вэ?
-Санхүүгийн асуудлыг бол би мэдэхгүй. Энэ удаагийн сонгуулиар автомат машинаар тоолоод, дараа нь бүх хэсэгт гараар тоолж хяналтын тооллого хийнэ. Энд ямар ч будилаан гарахгүй. Өмнө нь ч зөрдөггүй байсан. Одоо ч хүмүүсийн нүдэн дээр тоолоод, хар машинтай зөрөх эсэхийг улс даяараа бүх газар тоолох тул будилаан байхгүй. Үүнд сэтгэл зовоод байх зүйл байхгүй.
-Ямар зорилготой хүмүүс цагаан сонголт хийхийг уриалаад байна вэ?
-Ард түмэн өөрсдөө чөлөөтэй сонгуульд оролцох эрхтэй. Энэ эрхэд халдаж буй хүмүүс бол нэр дэвшиж чадаагүй юм уу, атгаг санаагаар энэ асуудлыг тавьж байгаа гэж бодож байна. Ер нь цагаан сонгууль гэдэг нэр томъёог би сүүлийн үед л дуулж байна. Олон түмэн сонголтоо хийх эрхтэй. Тэр өдөр нь иргэдээ амрааж байна. Төрийн сонгуулийг хүндэтгээд саналаа өгөх бололцоогоор хангаж байна. Зарим улс оронд сонгуульд оролцож буй оролцоогоор нь иргэний журамт үүргээ хэрхэн биелүүлж байна гэдгийг авч үздэг. Манайх бол ийм хязгаарлалт хийж өгөөгүй. Тэр бүү хэл ажлын өдрөөс чөлөөлж сонгуулийг явуулдаг болгосон.
-Ирц хүрсэн 50+1 хувийн санал авч чадахгүй бол дараагийн шатны сонгуулийг явуулна тийм үү?
-Үндсэн хуульд зааснаар бол 50+1 хувийн санал авч чадаагүй бол эхний хоёр нэр дэвшигч үлдээд дараагийн сонгуульд оролцоно. Тэрнээс биш шинэ нэр дэвшигч тодруулж, дахин сонгууль явуулна гэсэн ойлголт байхгүй. Өмнөх гурван нэр дэвшигчээс олонхын санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны сонгуульд дахин өрсөлдөнө.
Эх сурвалж: zindaa.mn