Өнгөрөгч нэг хоногт 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа. Энэ нь иргэдийн ухамсар дорой байдлын үр дагавар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Халдвар, хамгааллын дэглэмийг сахихгүй байна, худалдаа, үйлчилгээний газарт ороод зайгаа барихгүй байна. Амны хаалт зүүж байгаа боловч урагдаж сэмэрч, хир болсон нэг удаагийн маскны оронцог зүүсэн хүмүүс даанч олон. Хэсэг бүлгээрээ нийлж архидаж, төрсөн өдөр бас бусад шалтгаар шоудах нь айдас дагуулсан эмгэнэл. Айлд очихгүй, гэртээ зочин урьж болохгүй гэдэг анхааруулгыг хэнэггүй толгойтнууд даанч үл тооно!
Худалдаа, үйлчилгээний газрууд ч шаардлагын дагуу ажиллаж чадахгүй байгаад холбогдох газрууд анхаарч арга хэмжээ авах цаг болжээ. Нэгэн нэртэй сүлжээ дэлгүүрт орвол үүдэнд нь халуун хэмжигч байх нь байна. 37.9 гэсэн тоо харагдана. Өндөр халуунтай хүн оржээ. Тэр хүн бараа бүтээгдэхүүнд гар хүрнэ, магадгүй ханиаж найтаана. 15 дугаарт хороололд байдаг нэгэн супермаркетад орвол гар ариутгагч ч алга. Уг нь цар тахлын үед худалдаа, үйлчилгээний газрууд батлагдсан дүрмийн дагуу ажиллах ёстой. Үүдэнд нь заавал халдвар, хамгааллын хувцастай хүн сууж халуунтай хүнийг оруулахгүй байх үүрэгтэй. 8 нэрийн дэлгүүрүүдтэй бүр ярих юм байхгүй. Үсчинд ч ялгаагүй ядаж халуун үзэж үйлчилж байгаа нь ховор! Төрийн байгууллагууд хяналт, шалгалтаа чангаруулахгүй бол, мөн иргэд олон нийт асуудалд насанд хүрсэн хүн шиг нухацтай хандахгүй бол хэнэггүй, ухамсаргүй, хариуцлагагүй хандлага коронавирусын халдварыг улам гааруулах нь!
Д.Дорж