Хоёр хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ гэх гэдэг үгийг заавал хэлж явдаг. Учир нь, тэр үедээ хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг зарлаагүй, олоогүй байж захиалагчаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Хамжигчаар Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй сулласан. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг татсан, тогтоож чадаагүй. Түүнийг найман сар хорьсон. Э.Бат-Үүлийг 2016 онд яллагдагчаар татсан, 20 хоногийн дараа тогтоолоо хүчингүй болгосон. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг яриад байсан. Ядаж л Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй шүү дээ” гэж мэдэгдсэн бол Э.Бат-Үүл өнөөдөр хариу мэдэгдэл хийхдээ “2019 оны 4 дүгээр сард миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр болон Ерөнхий прокурорт намайг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан олон жил гүтгэж байгаа цаад эздийг олж өгч, үнэн мөнийг олж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Өнөөдрийг хүртэл хариуг нь хүлээж суугаа хүн байгаа юм. Сүүлийн үед Ц.Нямдорж сайдын гаргаж байгаа хачин авируудыг харах тусам би хүсэлтээ буруу хүнд хаягласан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо. Тэр үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан. Би С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт Ц.Нямдорж оролцсон байж болзошгүй, тэр хүн энэ хэргийн захиалагчтай холбоотой юм биш биз гэх хардлага төрж байна. Энэ хэрвээ үнэн байх юм бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг гаднын захиалгатай хэрэг гэсэн үг. Надад ингэж бодох гурван үндэслэл бий” гээд хэргийг бүхэлд нь нууцаас гаргачих юм бол би бүх зүйлийг ярьмаар байна гэсэн юм.
С.Ариунаа