МАН, МАХН нэгдэх үйл явцтай холбогдуулж МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр “Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамж гаргасан нь буруу. Зөвлөхүүд нь хэлж ярих байсан. Тэр бол хууль зөрчсөн захирамж. Намыг тараах эрх зөвхөн Дээд шүүхэд бий. Ерөнхийлөгчийн хандлага бол шүүхийн хараат бус, бие даасан байдалд ноцтой заналхийлж байгаа заналхийлэл. АНУ-д Ерөнхийлөгч Д.Трамп захирамж гаргахад шүүх нь цуцалж байсан. Тийм учир одоо Дээд шүүх “Ерөнхийлөгч таны захирамж гаргах асуудал биш Дээд шүүхийн мэдэх асуудал” гээд буцаах ёстой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч. Хоорондоо учраа олохгүй байгаа бол эвлэрүүлэх гэж уулздаг байх ёстой. Намыг тараах биш эвлэрүүлдэг байх ёстой. Ерөнхийлөгч захирамж гаргаад, нэг намыг ад үзэж шүүхэд нөлөөлөх алхам хийсэн нь эв нэгдлийг хангах үүргээсээ буцаж байгаа асуудал. Тухайн үед Монгол цэргийн холбоог байгуулах хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж, баярын цахилгаан илгээж байсан шүү дээ. Одоо түүнээсээ 180 градус эргэж болохгүй. Өмнөх долоо хоногт аав минь бурхан болоод ажил явдалтай байх үед миний хэдэн жилийн өмнө илэрхийлж байсан үгний агуулгыг өөрчлөөд сая хэлсэн мэтээр эвлүүлэг хийж цацсанд харамсч байна. Би МАН-ыг тараах захирамжийг дэмжихгүй. Манай хоёр нам нэгдэх ёстой. Бид МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж ажиллах болно. МАХН, МАН хоёулаа нийгмийн хамгааллын төлөө зүүн төвийн үзэл баримтлалтай нам учир нэгдэх нь цаг хугацааны захиалга болоод байна’ гэлээ.
Д.Дорж