Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 885 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо хоёроор нэмэгдлээ. Ер нь хатуу хөл хорио тогтоосноос хойш халдвар нэг л дорвитой буурахгүй байна. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хөл хорионы үр дүн долоогоос дээш дээш хоногийн дараа гардаг гэнэ. Гэхдээ халдварыг хумих, эсэх, Ковидгүй зуныг үзэх, эсэх иргэдээс өөрсдөөс нь хамаарах үр дүн гэдгийг ойлгож өгөхгүй хүн олон байгаа нь харамсалтай. Нөгөө л нус цэрээ замбараагүй хаясан, зүүж яваа маскаа хаана ч хамаагүй шидсэн, чанарын шаардлага хангахгүй маск зүүсэн, айл хэссэн, хүний бөөгнөрөл үүсгэсэн нийгмийн дайснууд хаа сайгүй байна. Халдвар, хамгааллын дэглэм гэдэг ухагдахууны ач холбогдол, мөн чанарыг ойлговол ойлгохоор цаг хугацаа өнгөрлөө. Даанч зарим хүний толгойд салхи орохгүй нь бололтой. Тэд өнөөх л бүх бурууг төр засаг руу чихдэг зангаараа асуудалд хандсаар… Бүдэрч уначихаад УОК огцор гэх нь холгүй байгаа нь өнөөгийн нийгмийн сэтгэлгээний гунигт ядуурал. Ийм арчаагүй хандлага цаашдаа жишиг болтлоо ужгирах вий гэхээс эмээх байна.
Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа. Гэтэл гэртээ байж байх ёстой хүмүүс дур дураараа гарч яваад, автобусны ачааллыг нэмэгдүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ.
2021 оны 4 дүгээр сарын 11. 40 гаруй насны дөрвөн эмэгтэй тор дүүрэн пиво бариад лифт рүү орлоо. Нэг нь “Нөхөр бид хоёр өглөө машинаа асаагаад гарсан. Цагдаа зогсоохгүй л байна лээ” гэж хээв нэг гайхуулж байх юм. Тэр эмэгтэй хөл хорионы үед зөвхөн зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд тусгай кодоор хөдөлгөөнд оролцож болно гэдгийг журмыг зөрчсөн байна. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн дүрмийг санаатай зөрччихөөд санаа нь зовох нь бүү хэл харин ч гайхуулан ярьж байгаад нь хэлэх муу үг алга. Халдвар ихсэж байгаа нь нэг талаас иргэдээс өөрсдөөс нь хамаарч байгаа үр дагавар гэдгийг хүн бүр сайтар ойлгож, дор бүрнээ хичээхгүй бол хөл хорионы үр гарна гэдэг юу л бол! Нийслэлийн иргэн илүү соёлтой, ухамсартай, хариуцлагатай байх ёстой гэдэг бичигдээгүй хуульд ач холбогдол өгч чаддаггүй юм бол ядаж насанд хүрсэн хүн шиг асуудалд ухамсартай, хариуцлагатай хандаач!
Д.Лхагва