Монгол Улсын нийслэл хотын бүтээн байгуулалт, хөгжлийг 1639-1778 он хүртэл 139 жилийг нүүдлийн соёл иргэншлийн, 1778 оноос хойших 243 жилийг суурин соёл иргэншлийн гэж хоёр үе шат бүхий түүхэн хөгжлийн урт хугацааны замыг туулж ирсэн гэж үзэж болох юм. Нийслэл хотын эдгээр үе шатуудад Улаанбаатар хот хэрхэн хөгжиж тухайн цаг үед ахмад настнуудын юу бүтээж хийж ирсэнийг бичнэ гэвэл нилээд зүйлийг дурьсан санаж болох боловч тийм боломж хомс билээ. Миний бие нийслэл Улаанбаатар хотод 64 жил суурьшин амьдарч байна. Тэр үед нийслэл хот маань ойролцоогоор 300,0 мянга хүрэхгүй хүн амтай, гэр хороолол зонхилох хувийг эзэлсэн, Гандан хийд, 1, 6 дугаар дунд сургууль, Засгийн газрын ордон, Төв банк зэрэг цөөн тооны барилгатай, нийслэл хотын анхны ерөнхий төлөвлөгөө батлагдаж дөнгөж хэрэгжиж эхлэж байсан цаг үе. Хятад иргэн ихэвчлэн албан байгууллага, иргэдэд илжиг тэргээр ус зөөж өгдөг, нэг хаалгатай жижиг оврын автобус нэг буудал газар 15 мөнгөөр иргэдэд үйлчилдэг байлаа. Гэхдээ нийслэл хот маань туйлийн цэвэрхэн, иргэд нь 1 дүгээр цахилгаан станцын яндангын дуугаар ажилдаа өглөө орж орой тардаг, аж үйлдвэрийн комбинат 3 ээлж, 24 цагаар тасралтгүй ажилладаг, иймэрхүү дүр төрхтэй нийслэл хотыг өнөө цагийн бидний ахмад үе хүлээн авч таван жилд зургаан жилийн ажил хийж, 7 хоногийн 6 өдөр ажиллаж нийслэл хотоо бүтээн байгуулж хөгжүүлэхэд гар бие оролцон хүчин зүтгэж, үнэлж баршгүй их түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээж өтөл насандаа 1990 онтой золгосон юм. Миний үеийн ахмадууд бол хотын хөгжлийн бодлого, зорилт, төлөвлөлтийн эхлэл, суурь нь тавигдсан төдий байсан нийслэл хотыг өмнөх үеэс хүлээн авч хүндхэн ачаа, хариуцлага хүлээж, залуу зандан насаа бүтээн байгуулах үйлсэд зориулсан өнөө цагийн түүхийн амьд гэрчүүд билээ. Норм, стандартыг үндэслэн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулж, хүн амын өсөлтийг тооцож нийслэл хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг газар олгох асуудалтай уялдуулан нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулж төлөвлөсөн бодлого зорилтоо бодит ажил болгож бүрэн хэрэгжүүлдэг байв. Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий болон хэсэгчилсэн удаа дараагийн хөгжлийн төлөвлөгөөг Москва хотын зураг төслийн байгууллага, орон нутгийн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг Улсын барилгын зураг төслийн институт боловсруулж Улсын төлөвлөгөөний комисс, Сайд нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж баталдаг байсан. Өнөөдрийн Улаанбаатар хот ганцхан өдөр сүндэрлэн босоогүй, ахмад үеийн хөлс хүч, хөдөлмөр, хүчин чармайлтаар сүндэрлэн босож, 381 жилийн түүхийг бүтээлцсэн, дөрвөн уулын дунд,Бэлх, Сэлбэ, Туул голын бэлчир, Алтан тэвшийн хөндийд 243 жил тогтвортой сууршин хөгжиж, Монголчууд нүүдлийн тархай бутархай соёл иргэншлээс хүн ам төвлөрсөн орчин үеийн суурин соёл иргэншилд шилжсэн хөгжил дэвшлийн томоохон ололт амжилт нь өнөөгийн Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтын үр дүн мөн билээ. 1960 оны эхээр нэгдүгээр 40 мянгат, 120 мянгат, 12 дугаар хороолол, 50 мянгат, 220 мянгатын орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний нэгдсэн төвүүд, томоохон эмнэлгүүд, урлаг, соёлын газрууд, эрчим хүч, усан хангамжийн эх үүсвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, барилгын материалын үйлдвэрийн баазууд зэрэг олон арван барилга байгуулламж баригдаж орчин үеийн саятан хотын эхлэл тавигдсан. 1970 оны үед Улаанбаатар хотын цахилгаан, дулаан, усан хангамжийн хүрэлцээ хангалтгүй, зарим орон сууц халуун усны шугам сүлжээгүй, усан халаалтын жижиг зуухаар халаалт авдаг, орон сууцны 3 давхарт ус хүрдэггүй, оргил ачааллын үед хэрэглэгчдийг 2 цагаар ээлж дараалан цахилгаанаар хангадаг, хаврын улиралд хөрсний усны төвшин доошлон ус хангамжийн 1,2 дугаар өргөлтийн станцуудын ус шахдаг шахуургууд хий сорж, ус хадаглах сангууд хоосорч хот бүхэлдээ хэрэгцээний халуун, хүйтэн усгүй болдог олон бэрхшээлтэй учирдаг байв. 1970 оноос орон сууцны иж бүрэн 8 томоохон хороолол, дулааны 4 дүгээр цахилгаан станц баригдаж, дамжуулах шугам сүлжээний өргөтгөлийн нилээд ажлууд хийгдэж, нийслэл хотын айл өрх, хүн амын 50 шахам хувь орчин үеийн инженерийн нэгдсэн шугам сүлжээтэй тохилог орон сууцанд орсон. 1970-1985 онуудад нийслэл Улаанбаатар хотын эрчимтэй хөгжлийн он жилүүд, хот байгуулалтын 2,3 дугаар ерөнхий төлөвлөгөө ажил болон хэрэгжиж, хотын аж амьдралд тоо, чанарын эргэлт гарсан цаг үе гэж хэлж болно.Усан халаалтын жижиг зуухуудыг дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбож, халуун усгүй орон сууцнуудад халуун усны шугам оруулж халуун устай болгов. Яам, тусгай газар, албан байгууллагууд сайд, даргын мэдлийн фондынхоо 10 хүртэл хувийг хотын тохижилтонд зарцуулж, ажилчин, албан хаагчил нь хагас бүтэн сайн өдөр мод тарих, хороолол тохижуулах хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг саад байгуулах ажилд оролцож, яам, тусгай газрын орлогч сайд, дарга нар тохижилтын ажлыг удирдаж, ажлын гүйцэтгэлийн мэдээг хотын захиргаанд өгдөг нарийн дэг журамтай байв. Эдгээр арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хот өөрийн харъяаны байгууллага, орон сууцны 95 хувийг төвлөрсөн дулаан хангамжийн нэгдсэн системд, 98 хувийг төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээнд холбон, цахилгаан, дулаан, усан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дамжуулах шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийг хийж, 2005 он хүртэл нийслэл хотын хэрэглэгчдийг найдвартай хангах нөөцтэй болж, ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамжийн тасалдалыг бүрэн арилгасан. Мөн жил бүр 30-40 орон сууцны барилгад их засвар хийж, сантехникийн тоног төхөөрөмж, түгээх шугам сүлжээг шинэчлэн, иргэдийн тохь тухтай амьдрах нөхцөлийг буй болгох зэрэг олон ажлыг төлөвлөн хийж нийслэл хот жил бүр өнгө төрхөө өөрчлөн “ Азийн цагаан хот” гэдэг нэрийг олон улс өгдөг байв. Тэр үеийн төр, засаг, хотын удирдлага иргэдийг орон сууцтай болгох бодлогыг тууштай явуулж, улсад ажилласан жил, ажлын үр бүтээл, ам бүлийг харгалзан ашиглалтан орсон орон сууцны 70-аас дээш хувийг амьдралын гачигдалтай иргэд, ажилчин, бага тушаалын албан хаагч нарт үнэ төлбөргүй олгож байсан. 1980-1990 онд 3,4,6, 13,19 дүгээр хороолол ашиглалтанд орж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж чөлөөт зах зээлийн тогтолцоо, ардчилсан нийгэмтэй золгов. Ард иргэдэд орон сууцыг, малчдад малыг үнэгүй өгч хувийн өмчтэй болов. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоо, шинэ нийгмийн байгуулалтын шилжилтийн хүнд цаг үед дэлгүүрийн лангуу хоосорч, хүнс барааны нэр төрөл, хангамж хомсдож, хувийн хэвшлийн байгууллагууд бэхжиж үйл ажиллагаа нь жигдрээгүй, улсын гэгдэх үйлдвэр аж ахуйн байгууллагууд тарж бутран, өлсгөлөн, суулт, жагсаал цуглаан болж, нийслэлийн аж амьдрал зохих бэрхшээлтэй тулав. Гэвч богино хугацаанд иргэдийнхээ оролцоотой энэ бэрхшээлийг даван, нийтийн тээврийн парк шинэчлэл, хүнс барааны хангамж, нэр төрөл нэмэгдэж, нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Үндсэн хуулиар Улаанбаатар хот засаг захиргаа, нутаг дэвсгэрийн онцгой чиг үүрэгтэй нийслэл хот болж гажуудал, завхрал багатай зах зээлд богино хугацаанд амжилттай шилжиж чадсан юм. Өнөөдөр нийслэл хотын хүн ам 1,5 саяас дээш болж Монгол Улсын нийт хүн амын 50 шахам хувь нь газар нутгийн 0.03 хувьд төвлөрч, дэлхийн саятан хотын түвшинд хүрч, хөнгөн хүнсний үйлдвэр, урлаг соёл, шинжлэх ухаан, олон улсын харилцааны төв хот болжээ. Ийнхүү нийслэл хот маань улс орны нийгэм, эдийн засийн хүнд ачааг үүрч, эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Нийслэл Улаанбаатар хотод бүх зүйлийг хэт төвлөрүүлж, хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулалтгүй орхисноос улс орны амьдрал нийслэл хотоос ихээхэн хамаарч, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хөдөө орон нутаг эзэнгүйдэх, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа улам холдох сөрөг тал буй болж байна. Хүн амын хэт төвлөрлийг задлаж дагуул хот, алсын дүүргийг түлхүү хөгжүүлж, алсын хараа 2050 бодлогын баримт бичиг, нийслэл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд энэ асуудал туссан нь тун сайшаалтай. Нийслэл хотод сүүлийн жилүүдэд өндөр барилга баригдаж эрчимтэй хөгжиж байгаач хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг үл огоорч барилгын норм, стандарт зөрчин газар, техникийн нөхцөл олгох, хүүхэд тоглох, ахмадууд амрах, машины зогсоол, ногоон байгууламжгүй, орон зайн төлөвлөлт зөрчсөн, нутаг дэвсгэрийн цаг уур, онцлог байдлыг харгалзалгүй цонх хааж барилга барьж байгаа нь хотын оршин суугч иргэн эрүүл аюулгүй орчинд, сэтгэл санааны бухимдалгүй тайван амьдрах, аж төрөх нөхцлийг алдагдуулах болов. Нийслэл хотын зарим иргэдийн соёл хүмүүжил, ёс суртахуун, зан төлөвшил нийслэл хотын хөгжлөөс ихээхэн хоцорч байгааг анхаарах цаг болжээ. Нийслэл хотын иргэн бусдаас давуу үүрэг хүлээх ёстой. Буянт үйлсийг бүтээсэн ахмад настны дийлэнх нь насны нар хэвийсэн үед зах зээл, шинэ нийгэмтэй нүүр тулан учирч хувийн гэсэн өмч хөрөнгө, мөнгөн хуримтлал байхгүй, өмнөх нийгмийн үед авч байсан цалингаар жишиж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, өдөр тутмийн өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ өсч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унаж, тэтгэврийн зээлээс зээлийн хооронд нилээд хэсэг нь амьдарч байна. Төр засгаас ахмад настны нийгмийн баталгааг хангах талаар хэд хэдэн хууль гаргасан боловч зарим хуулийн гол заалт огт хэрэгжихгүй, улс нийгэмд ажилсан үнэлэмж үнэ цэнэгүй болоход хүрч байна. Нийслэл Улаанбаатар хотыг өнөөгийн түвшинд хүргэхэд ахмад настнуудын оруулсан хувь нэмрийг түүх мартах ёсгүй, түүх түүхээрээ үлдэнэ. Ахмадын байгууллагын 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, нийслэлийн ахмад настан та бүхэндээ эрүүл энх байж урт наслахын ерөөлийг дэвшүүлье.
Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан, Нийслэлийн хүндэт иргэн Ц.Баасанжав