ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2016 оны 3 дугаар сард “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг худал шалгаж байна. Алдаа гарах магадлал өндөр, сайн хяна” гэдэг бичгийг тагнуул болон прокурорынхонд явуулж байсан. 2016 онд энэ хэргийн анхан шатны шүүх хурал явагдаж байх үед бүлгийн хурал дээр нэг удаа энэ асуудлыг хөндөж ярьсан. Бүлгийн хурлын протокол бий. Протокол дээр энэ хэргийг эд нар ингээд дуусгана гэж ярьсан нь байгаа. Дахиад 2 удаа бүлгийн хурал дээр ярьсан.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг хамгийн их шалгасан хүн Г.Эрдэнэбат. 2012 оноос Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт гүйцэтгэх ажлыг шууд удирдаж байсан. Эрүүдэн шүүх ажиллагаа Г.Эрдэнэбатын гарын үсэгтэйгээр хийгдэж байсан. Хоёрдугаарт мөрдөн байцаалтын ажилд хяналт тавьж байсан. Гуравдугаарт Улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Бүх юмыг Г.Эрдэнэбат прокурор өөрөө хийсэн хүн.
Энэ алдаа гарсан үндсэн шалтгаан бол Ц.Элбэгдоржийн даалгавраар хийгдсэн ажиллагаа. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хоёр удаа нууцаар хэлэлцэхэд хоёуланд нь Ц.Элбэгдорж Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан.
Энэ ажиллагаанд Монголын хуулийн байгууллагын буюу АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Прокурорын ерөнхий газрын удирдлагууд бүгд оролцсон. Миний ярьсан бүхэн протоколтой, үнэн.
2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. н.Ганхуяг, Б.Булган, Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нартай бүлэглэн С.Зоригийн аминд халдсан нь нотлогдсон тул яллагдагчаар татав гээд татчихсан. Үүнийг прокурор нотлогдоогүй гээд хаачихсан. Ингэж хэрэг бүрдүүлээд нотолж чадаагүй. Б.Булганыг суллаад, Э.Бат-Үүлийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь хаяад хөдөөний ядарсан хоёр хүнийг шоронд оруулаад дуусгасан.
2016 онд шүүхээр шийтгэсний дараа Улсын ерөнхий прокурор С.Зоригийн амийг хөнөөсөн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан, тэр тушаал нь хэвээрээ байх.
Захиалгаар хүн хөнөөсөн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг шийтгэчихээд захиалагчийг хайна гэж ямар юм байхав. Тэгэхээр хайх ажиллагаа нь хийгдэж байгаа байх.
Миний яриад байгаа гол зүйл энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр суллагдах ёстой. Яагаад гэмгүй хүмүүсийг 6 жил шоронд суулгаж байгааг 2016 оноос хойш яг 5 жил ярьж байна. Б.Булган энэ хүн бишээ гэдэг мэдүүлгийг нүүрэлдэх үедээ өгсөн байдаг.
Энэ хоёр хүнд хилсээр хэрэг үүрүүлэхдээ эрүүдэн шүүх ажиллагаа хийж, яргалсан. Энэ ажиллагааг явуулсан хүмүүс сая хоёр зүйл ангиар ял авсан. Эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хоёр зүйлээр.
Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчинө гэдэг нь жишээлбэл тагнуулын ажиллагаанд явагддаг гүйцэтгэх ажиллагааны тогтоолд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал. Үүнд прокурор гарын үсэг зурдаггүй юм” хэмээн ярилаа. /Eagle news шууд нэвтрүүлэв/