УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд нарын хүмүүс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэдэг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэрбээр энэ талаараа www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн Цэц өнөөдөр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүний нөлөөнд автаж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Ялангуяа Цэцийн зарим гишүүн нь маш тодорхой үйлдэл гаргаж байна. “Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль, түүний дээр хөх тэнгэр байна” гэж хэлдэг нь Үндсэн хуулийн дээр ямар нэгэн дарга байх ёсгүй гэсэн санаа. Гэтэл Цэц дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очсоны үр дүн нь одоо гарч байна.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн байхаас үл хамаарч жирийн иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Гэтэл иргэдийн гаргасан мэдээллийг нь улс төрийн нөлөөгөө ашиглаж бүр тодорхой хэлбэл, өөрийнх нь томилсон Цэцийн гишүүдээр дамжуулж бидний гаргасан мэдээллийг хүчингүй болгох ажлыг хийж байна. Ийм байдлаар цааш явах юм бол Үндсэн хуулийн Цэцийг татан буулгах ёстой гэсэн байр суурийг улстөрчийнхөө хувьд хатуу илэрхийлье.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг маш сайн хуульчлах шаардлага үүсчээ. Саяхан УИХ-аар Шүүхийн багц хуулийг шинэчилж, улс төрөөс хамааралгүй байлгах алхмыг нь хийсэн. Гэтэл Үндсэн хуулийн шүүх байгууллага нь улс төрөөс шууд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдлоо. Ийм учраас энэ байгууллагыг өөрчлөх цаг нь болсон байна” хэмээн онцолжээ.