Хилс хэргээр шоронд хоригдож буй Энхсайханыгаа эргэж очлоо. Ард иргэдийнхээ эрх чөлөө, сайн сайхан амьдралын төлөө хамтдаа тэмцэж явсан нөхөр маань хэн нэгний улс төрийн захиалгат явууллагад өртөөд зүтгэсэн зүтгэл, хийсэн ажлаа харлуулуулаад шоронд сууж буйг бодохоор гол горойж, харуусал төрөөд байдаг юм. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж явсан хүн шоронгийн номын сангийн цэвэрлэгч хийж байгаа гэж бодохоор юу ч гэмээр юм бэ дээ?! Хүмүүсийн төлөө зүтгэсэн эрчүүд ад үзэгдэж “хаданд цовдлуулах” үйлийн үртэй байдаг нь хүн төрөлхтний түүхийн парадокс байсаар ирсэн, тэр л зүйл болж байна гэхээс! Ийн халгасаар андтайгаа уулзлаа. Харин Энхсайхан маань “хугараагүй ноён нуруу” хэвээрээ. Тэр угийн ийм чанга л даа!
Би, өөрийнх нь биеийн болоод хоригдож буй нөхцөл байдлын тухайд санаа тавин, түүнээс эхлээд асуув. Мань эр “Зүгээр ээ! За тэр яахав!” хэмээн сурсан зангаараа товчхон хариулаад “Улс орон ямар байна? Эдийн засгаа янзалж чадах нь уу? Ардчиллаа авч гарч чадах нь уу? Ардчилсан Нам маань яагаад будилаад байна?” гэх мэт асуултуудыг хариу угсруулав. Өөрөө ч багагүй мэдээлэлтэй байна билээ. Миний бодлыг л сонжиж асуусан бололтой.
Түүнтэй ярилцаж байхуй дор жинхэнэ төрийн зүтгэлтэн бол шоронд ч төрийн зүтгэлтэн хэвээр байх юм даа! хэмээн бодоод омогшив. Мөн, чанга байгааг нь хараад зоригжиж суулаа. Энхсайхан бид хоёр цагийн хязгаартай уулзалтын хугацаанд багагүй зүйлийн тухай ярьж амжив.
Тэрбээр надад эхлээд өнөөгийн хэлмэгдэл нь бодсоноос илүү ноцтой, тогтолцооны шинжтэй учир шалтгаан бүхий ба хэзээд өргөн цар хүрээтэй явагдахад бэлэн зэхээтэй байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах хэрэгтэйг хэлэв. Арван дөрөв бол маш том мөсөн уулын орой төдий л аж. Ингээд санаагаа цааш нь дэлгэн өгүүлэв.
Александр Солженицыний “Гулаг Олтриг” нэртэй номоос: “Сая сая хүмүүсийг шоронд хийсэн эхний давалгаанд өртсөн хүмүүс энгийн борог бааз хүмүүс байсан бөгөөд тэднээс ямар ч дуртгал үлдээгүй юм. Харин 1937 оны давалгаанд өртөн Гулаг Олтриг руу туугдсан хүмүүсийн олонхи нь боловсролтой байсан бөгөөд тэдний ихэнх нь гартаа үзэгтэй байв. Тиймээс ч тэд 1937 он! гэж бичиж үлдээжээ… Тариачид бичиг үсгээр дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй, чимээгүй хүмүүс байсан тул тэднээс ямар нэгэн дуртатгал, түүх, гомдол, өргөдөл бичигдмэл хэлбэрээр үлдсэнгүй” хэмээх мөрүүдийг надад уншиж өглөө. Манай малчин нүүдэлчин түмнийг хэлмэгдүүлэхэд тэд дурсамжаа бичиж үлдээгээгүйтэй агаар нэгэн сонсогдож байгаа биз дээ гэж тэрээр нэмж тодруулав.
Үргэлжлүүлээд, өдгөө ч манайд учраа олохгүй хэлмэгдсэн хүмүүс шоронгоор дүүрэн, эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ маш амархан хэлмэгдүүлж болдог хуулийн хуучин социалист тогтолцоогоо халалгүй хэвээр нь хадгалсаар байсан нь ийм байдалд хүргэж гэв. Монголчууд бид “хэлмэгдлийн мина булсан талбай” дээгүүр явсаар байгаа аж!
Энхсайхан маань “Улс төрийн хоригдол болсон өнөөгийн бидэнд итгэл үнэмшлийнхээ төлөө яллагдсан нь “там” биш ээ. Өвөг дээдэс маань үүнээс хүнд замаар явсан. Харь гүрэнд цаазлуулж байсан Ерөнхий сайдуудаа бодон зүрх шимшрэхтэй харьцуулахад бидэнд тохиолдож буй гамшиг ёстой өчүүхэн л дээ. Ямар азаар цаазын ялгүй Монгол вэ гэж бодох үе таарна. Дарангуйлагч дэглэм бүхий хоёр хөрштэй Монгол орны хувьд нэгэнт олдсон эрх чөлөөгөө хамгаалах нь чухал бөгөөд эргээд социализм руугаа ойчвол харамсавч баршгүй зовлон болно. Өнөөдөр социализм гэдгийг мэдэхгүй бүтэн үе өсчээ.
Хүн мэдэхгүй юмаа сонирхох нь зүй. Тийм залууст хандан 2015 оны Нобелийн шагналт Светлана Алексиевич “Чернобылийн эмгэнэлт залбирал” номондоо: “Та мэдмээр байна уу? Социализм бол шорон, хүүхдийн асрах хоёрын хольц” гэж бичсэн. Улам улам ухан ойлгомоор гайхамшигтай томъёолол шүү!” гэх зэргээр намайг “ухуулав”. Намайг, очоод олон түмэнд, залууст дамжуулж хэл гэсэн хэрэг л дээ.
Энхсайхан цааш нь, хэлмэгдлээс өөрийгөө хол яваа хэмээн эндүүрч хэнэггүй яваа хүмүүст хандаж: “Нийгэмд хууль ёсыг уландаа гишгэвэл, хэн нэгнийг тахин шүтэж эхэлбэл шударга ёс устаж хэлмэгдүүлэлт биежих нь гарцаагүй байдаг. Хэлмэгдүүлэлт бүхий л цагт оршин байхаар байнга заналхийлдэг бөгөөд түүнийг хязгаарлан зогсоох нь ардчиллын төлөвшилтэй, иргэн бүрт эрх, эрх чөлөөний мэдрэмж байгаа эсэх, түүнийхээ төлөө өдөр тутам тэмцэж чадах эсэхтэй шууд холбоотой юм.
Өнөөгийн Монголд зөвхөн улстөрчид хэлмэгдээд байгаа бус, өчнөөн олон арав, зуугаараа энгийн иргэд шүүх, прокурорын бурангуйг өөр дээрээ тээж, эдлэх ёсгүй ялаа эдэлж буй. Боловсролтой, чадалтай сэхээтнүүдээ хэлмэгдүүлэхээр сая л юу болоод байгааг ухаарч эхэлдэг. Олны танил Ерөнхий сайдуудыг, олондоо нэртэй улстөрчдийг хоморголон барих хүртлээ хэлмэгдүүлэлтийг нийгэм олж харж чаддаггүй харалган байдаг. Монголд хэлмэгдүүлэлт байсан, одоо ч байгаа аж.
Шоронд орно гэдэг хувь хүн та л шоронд орж байгаа хэрэг биш. Хайртай болгоноо шоронд хийлээ гэсэн үг. Хэлмэгдүүлэлт олон өрх гэрийн хувь заяагаар тоглож буй гэсэн үг. Дааж, давж гарах өрх байхад хүчин мөхөсдөж, үр хүүхдийнхээ ирээдүйг сүйдлэх зэргээр хохирох айл зөндөө!” гэх зэргээр онцгойлон анхааруулав.
Надад аминчлан; хууль гаргахдаа амьдралд хэр нийцтэйг ахин дахин нягталж, төрийн үүрэг ролийг хэтрүүлэн үнэлж биш, харин нийгмийн анхдагч эс болсон иргэн, гэр бүлийг дордуулахаас сэргийлэн хамгаалах цэгээс эхлэлээ тооцож хуулиа гаргах хэрэгтэй юм билээ хэмээн санал бодлоо хэлсэн. Нээрээ л гэр бүлийн маргаанаас осолдож нөхөртөө хөнгөн гэмтэл учруулсан дөрвөн хүүхдийн ээжийг, нөхөр нь эвлэрсэн гэдгээ хэчнээн учирлавч таван жилийн хорих ял өгөн шоронд хийж байгаа нь хууль болбоос гэр бүлийг эрхэмлэхээс илүүтэй төрийн хүчийг харуулдаг явдлын нэг жишээ мөн шүү дээ!
Төрийн эрх мэдлийг өөгшүүлж, иргэнээ доош нь дарсан хуулиудын гажуудлыг “наранд байгаа нь ухаарч засахгүй бол нарсанд байгаа хэдэд сэхээрлээс өөр бололцоо байхгүй гэдгийг ойлгож ажиллаарай. “Төрд зүтгэснээ шоронд хийдэг нь Mонгол сэтгэлгээ биш!” гэсэн нь УИХ-ын гишүүдэд хаягласан санагдав. Түүний энэ үгийг сонсоод, төр гэх аархлыг өөгшүүлсээр эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ хэлмэгдүүлдэг тогтолцоо бий болгочхоод, түүнийгээ “шударга ёс” гэж шаах нь ээлжээ хүлээсэн хэлмэгдүүлэлтээс хэлмэгдүүлэлт рүү л өнхрүүлж байгаа хэрэг гэж нэмээд УИХ-ын гишүүдийн сонорт хүргэх нь зүйтэй хэмээн бодож суув, миний бие!
Чанга хүмүүсийг зовлон улам хурцалдаг. Энхсайхан маань, манай нийгмийн харанхуй ёроол руу очоод улам хурцлагдаж, гэрэлтжээ! Энэ гэрлийг би мэдэрсэн! Сэтгэл итгэл маань сэрж буцсан! Түүнтэй салахад “Бид яахав ээ, одоо манайхан (ардчиллынхан) төрд дээрэлхүүлж байгаа ядуу борог иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалан тэмцэх ёстой юм байна шүү!” хэмээн хэлсэн үгийг нь би санан санан, хорих ангийн алсарч үлдэх барааг орхин давхиж билээ. Ийн, ямар ч атугай Монгол Улсын Ерөнхий сайд асан Энхсайханыхаа ард түмэндээ хандан хэлсэн үгийг та бүхэндээ уламжилж байна аа!
Эрдэнийн Бат-Үүл