У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Сайд нар хэрхэн ажилласан талаар тухайн салбарын мэргэжилтнүүднээс сэтгэгдлийг нь сонсох зорилгоор эхний ээлжинд Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйгээс байр суурийг нь сонирхов.
-Геологи, уул уурхайн салбарыг мэргэжлийн хүн удирдахын давуу тал нь юунд байсан бэ?
-Та маш чухал асуулдал хөндлөө. Мэргэжлийн хүн бол мэргэжлийн л хүн шүү дээ. Тухайн салбарын жаргал, зовлонг биеэрээ туулсан, хаана нь юу болж байгааг, бас хаана нь ямар асуудал байгааг тэр хүн амьдралаараа үзсэн байдаг учраас гол давуу тал нь түүнд байдаг. Манай салбарт сүүлийн 26 жил мэргэжлийн хүн томилогдоогүй. Харин Г.Ёндон гэдэг мэргэжлийн сайд томилогдсоноос хойш геологийн салбарт шинэ шинэ томоохон ажил богино хугацаанд хийгдсэн. Үүний нэг жишээ нь Монголын үндэсний геологийн алба байгуулагдсан явдал юм. Энэ бол үнэхээр чухал шийдвэр болсон. Монголын үндэсний геологийн албаны даргаар мэргэжлийн хүн томилогдсоноор геологийн салбарт олон шинэ өөрчлөлт хийгдэж эхэлж байгааг салбарынхан маань харж, мэдэрч байгаа нь мэдээж.
–Харамсалтай нь нэг л өдөр шийдвэр гарлаа. Мэргэжлийн хүнтэй ажиллаад олон чухал шийдвэр гаргаж байсан та бүхний хувьд асуудлыг таагүй авсан нь мэдээж.Таны бодлыг сонсоё?
-Би улстөрч биш. Улстөрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг зохион байгуулдаг ч хүн биш. Монгол улсын жирийн нэгэн иргэнийхээ хувьд, салбарын ажилтан хүнийхээ хувьд байр сууриа хэлэхэд манай салбарын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол салбараа мэддэг, салбараа таньж мэддэг мэргэжлийн хүн геологи, уул уурхайн салбарыг удирдах явдал юм. Энэ бол эх орны хөгжилд хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ер нь цар тахлын хүнд үед улс орны эдийн засгийн гол тулгуур багана уул уурхайн салбар ачааны хүндийг үүрч байгааг хүн болгон мэдэрч байгаа байх. Геологи, уул уурхайн салбар тасралтгүй ажиллаж байгаа нь мэргэжлийн хүн удирдаж байгаагийн ач гавьяа юм. Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргын хувьд хэлэхэд геологи, уул уурхайн салбарыг мэргэжлийн улс удирдах ёстой л гэж боддог.
Ярилцсан Д.Лхагва