Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээл 4, оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 103, жирэмсэн 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.
Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1 сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ-руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.