Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Хорт хавдрын өвчлөл газар авч байгаа ийм хүнд үед монголчууд мах, гурилаа идээд яваад байхад элдэв өвчин тусахгүй явна гэдэг итгэл үнэмшил бараг бүх хүнд байдаг. Мах, гурил манай үндсэн хүнс болохоор аргагүй шүү дээ. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд ялангуяа нийслэлчүүд маань чанарын баталгаагүй мах хэрэглэх үзэгдэл нэмэгдсэн нь илэрхий болсон. Зуднаар хорогдсон, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар үхсэн малын махыг хот руу оруулж ирсэн тохиолдол гарсан. Бас малчид малаа хачиг, шимэгч хорхойноос салгах гэж ивомек гэдэг хүчтэй тариагаар “тордох” болсоор хэдэн жил өнгөрчээ. Таргалуулах гэж тэр шүү дээ.
Харамсалтай нь ийм тариа хийлгэсэн малыг 30 хоногийн дараа л төхөөрөх ёстой атал малчид дандаа хугацаанаас нь өмнө нядалдаг аж. Ингэснээр малын маханд шингэсэн ивомекийн хор гарч амждаггүй бөгөөд хүмүүсийн хүнсэнд хор болж очиж байна.
Уг нь хүнсний захууд эрүүл ахуйн байцаагчтай байж, лангуун дээр ирж байгаа мах болгоныг шинжилгээнд хамруулах ёстой. Харамсалтай нь энэ журам хэрэгжихгүй байгааг хүмүүс шүүмжилж байгаа юм. Мэргэжлийн хяналтынхан энэ асуудал руу онцгой анхаарахгүй бол коронавирусын халдварт хамаг анхаарлаа хандуулсан ийм үед хор болсон мах хот руу хяналтгүй орж ирэхгүй гэх баталгаа алга. Өвчтэй болон ивомек тарианы хор нь гараагүй малын мах хорт хавдар, онош нь үл тогтоогдох харшилын өвчин үүсгэсэн аж.
Б.Амараа гэдэг залуу “Дэнжийн мянгаас хааны цул авсан юм. Гэтэл хэсэг газар бөөн идээ. Нөгөө тарианых байх. 100 мянгаар шатаад өнгөрлөө. Ийм байхад хавдрын эмнэлэг дээр бөөн оочер байх нь аргагүй юм даа” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүмүүст мэдээлжээ. Дахиад сануулахад, Мэргэжлийн хяналтын албаны хийх ажил их байна даа. Өндөр хөгжилтэй орнууд хүнсний аюулгүй байдалдаа дээд зэргээр анхаарч ирсний ачаар иргэд нь аз жаргалтай амьдарч байна. Улс орон өнө мөнх оршихын тулд ард түмнийхээ эрүүл мэндэд хамгийн их анхаарах учиртай.Улс орон өнө мөнх оршихын үндэс нь хүнсний аюулгүй байдал билээ.
Д.Дорж