АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр үдээс хойш хэвлэлийнхэнд хандаж “Монгол Улс саарал жагсаалтад орлоо” хэмээн яаран сандран мэдэгдэв. Эрхэм гишүүн энэхүү “баярт” мэдээг хувийн шугамаар олж авсан гэдгээ ч нуусангүй. Уг нь саарал жагсаалтад орох, эсэх нь ирэх баасан гарагт тодорхой болох ёстой. Даанч С.Эрдэнэ даргад ирсэн хувийн мэдээлэл нь улстөрийн эрх ашгийн хувьд юу юунаас эрхэм байсан бололтой. Саaрал жагсаалтад орвол Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, эдийн засаг агшиж, ард түмний амьдрал доройтох гэх мэт сүүдэр дагуулдаг юм байх. Гэхдээ эдийн засагчдын харж байгаагаар бол заавал ийм үр дагавар үүсэхгүй ч байх боломж байдаг аж. Үнэхээр дээрх таагүй хандлага ажиглагдах магадлалтай юм бол өмнө нь улстөржүүлэн зарлаж, тийм байдал үүсэх нөхцлийг бүрдүүлэх хэрэг байна уу? Эрх баригчдын нэр хүндийг унагах явцуу ашиг сонирхолдоо захирагдахын оронд улс орон, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, саарал жагсаалтаас гарах бололцоог төр засагт олгох ёстой биш үү?
УИХ-ын гишүүн, чадварлаг эдийн засагч Б. Жавхлан энэ талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ жагсаалтад орсноор ФАТФ болон олон улсын байгууллагуудаас эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн асуудал огт байхгүй. Саарал жагсаалтад орсноор манай улсын эдийн засаг гацаанд ороод бүх юм хүндрэнэ гэсэн хүлээлт байж болохгүй. Янз бүрийн асуудал үүсээгүй байхад бид өмнө нь өөрсдийгөө хямраагаад байж болохгүй. Өмнө нь энэ жагсаалтад ороод ажрахгүй даваад гарч байсан. Харин ч эдийн засгийн орчин дахь хууль эрхзүйн асуудлуудыг сайжруулж чадсан” гэж асуудлыг бодитойгоор тайлбарлав. Үүнээс үзвэл саарал жагсаалтад орох, эсэх нь яг тодорхой болоогүй байхад бүх зүйл буруугаар эргэх гэж байгаа юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлж хэрхэвч болохгүй биз ээ. Саарал улстөр саарал жагсаалтыг “хүсдэг” юм биш байгаа?
Д.Дорж