УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийж, ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм гишүүд ээ, энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална. Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна. Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.
Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатай. Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч дунд хугацаанд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэх, голлох түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл бий. Иймд төсвийн сахилга батыг чанд баримтлах, өрийн дарамтыг багасгах, улмаар гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Улс орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн чухал хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, бэлэн болсныг нь хугацаа алдалгүй өргөн барьж, хэлэлцүүлж батлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Боловсролын тухай багц хууль зэргийг энд нэрлэж болно.
Өнгөрсөн 5-р сард Шинжлэх ухааны академийн болон их сургуулиудын эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдийн ажилтай танилцахад инновац болох боломжтой судалгааны ажлууд, бодитой бүтээлүүд цөөнгүй байсан. Манайд инновацийг дэмжих эко-системийг бий болгох асуудал тулгамдаж байгаа нь харагдсан. Ийм эко-системийг бий болгохын тулд Инновацийн тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах цаг болсон. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт хугацааны стратегийн төлөвлөлт болох “Алсын хараа-2045”-ыг санаачлан боловсруулж байгаа. Энэ баримт бичиг улс орны тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох тул Улсын Их Хурал нухацтай хандах ёстойг дурдаж хэлье.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын менежмент, үйл ажиллагааг цэгцэлж олон нийт, мэргэжлийн хүмүүсийн бухимдал, шүүмжлэлд хариу өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нухацтай хэлэлцэж, нийт сангуудын хяналт-хариуцлага, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах, шаардлагагүй зарим сангуудыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах ёстой гэж үзэж байна.
Хардлага дагуулсан, хаалттай, хяналтгүй сангуудын үйл ажиллагааг зогсоож, мэдээлэл нь нийтэд нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очдог болгоё. Энэ бол нийгмийн шаардлага юм.
Намрын чуулганаар Сонгуулийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд эдгээр хууль онцгой чухал ач холбогдолтой юм.
Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна. Сонгуулийн хуулиудыг хэлэлцэн батлахдаа харьяалагддаг намынхаа ялалт, өөрийнхөө сонгогдох боломжийг харж биш, нийт монголчуудын эрх ашиг, ирээдүйн хувь заяаг эрхэм болгож хандахыг нийт гишүүддээ уриалъя.
Энэ удаагийн чуулганаар нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэхтэй холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэрлэж болно. Төвлөрлийг багасгах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн болон удирдлагын эрх хэмжээг зохистой түвшинд олгох зэрэг эдгээр хуулиудын агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл билээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах илэрхийлэл нь эдгээр хуулиудад тусгалаа олно гэдгийг бодолцож, хянуур хариуцлагатай хандах ёстой юм.
Эрхэм гишүүд ээ,
Энэ намрын чуулган авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, хууль зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах болно. Энэ зорилгоор Авлигын тухай болон Эрүүгийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулна. Авлигын хэрэг нь их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг учраас гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход бүх нийтийн оролцоо чухал юм. Энэ төрлийн хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэлтэй байдаг. Ийм учраас зарим улс орнуудын жишгээр авлига, албан тушаалын хууль бус үйлдлийг мэдээлэгчийг урамшуулах зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж байна.
Түүнчлэн далд үйлдлүүдийг нийтэд илчлэгч шүгэл үлээгч-мэдээлэгчийг хамгаалах бие даасан хуультай болох нь зүйтэй гэж хуулийн байгууллагууд үзэж байгаа. Ингэснээр Авилгын эсрэг олон улсын конвенц, Авилгын эсрэг үндэсний хөтөлбөрт заагдсан зорилтууд биелэгдэх боломж бүрдэж, авилгатай хийх тэмцэл хүчтэй болно. Монгол Улсын Засгийн газраас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь манай улс саарал жагсаалтад орохоос сэргийлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх олон арга хэмжээний нэг учраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бид шинжлэх ухаан технологийн хувьсгалт өөрчлөлтийн эрин үед, тухайлбал, хиймэл оюун ухаан, нейро шинжлэх ухаан, их өгөгдлийн ач холбогдол асар ихээр өсөн нэмэгдэж байгаа Аж үйлдвэр, технологийн IV хувьсгал өрнөж байгаа үед амьдарч, ажиллаж байна.
Ийм нөхцөлд улс гүрнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж, шинжлэх ухаанч хандлага, системийн өвч сэтгэлгээг төрийн бодлого боловсруулахдаа хэрэглэж, төрийн бодлогыг шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгооны үүднээс боловсруулдаг болж байна. Улсын Их Хурлаас баталж байгаа хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад онцгой анхаарч, улмаар Парламентын судалгааны хүрээлэн” байгуулж ажиллах зохих бэлтгэлийг хангаж байна. Ийм хүрээлэн байгуулснаар төрийн бодлого боловсруулахад юуны өмнө эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээтэй оролцоог хангах нөхцөл бүрдэх юм.
Эрхэм гишүүд ээ, эхлүүлснээ дуусгаж, цэгцрэл хөгжил өөд зүтгэх та бүхний эрхэм үйлсэд тань амжилт хүсье.