УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Угаасаа ээлжит бус чуулганы гол үүрэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал. Энэ утгаараа гишүүд урд өмнөхөөсөө илүү хариуцлагатай, идэвхтэй, хурдтай, санаачилгатай ажиллах ёстой нь ойлгомжтой. Өнөөдөр тулгуур хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Гэхдээ өнөөдөр зарим гишүүн хуралдаандаа хүрэлцэн ирэхгүй байгаад туршлагатай ахмад парламентч Ц.Нямдорж дургүйцлээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Би Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байгаа үйл явцыг өнөөдөр дөрөв дэх удаагаа харж байна. Санал нийлэхгүй зүйл байгаа ч, олонхоороо нэгдэж байгаа зүйл заалтуудыг дэмжээд явах байр суурьтай байгаа. Хуралд суухгүй байгаа гишүүдийг ирүүлмээр байна. Ганц удаа сонгогдчихоод Ерөнхий сайд болчихдог, бараг сонгогдоогүй байж сайд болчихдог. Ж.Эрдэнэбат нэг удаа, хоёр ч юм уу сонгогдоод Ерөнхий сайд болсон, Н.Номтойбаяр нэг удаа сонгогдоод сайд болсон. О.Содбилэг хааччихсан юм. Чингэлтэйгээс сонгогдсон Д.Ганболд Үндсэн хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэж байгааг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон. Яагаад энэ хүмүүс хуралдаа ирдэггүй юм, хэн болчихсон юм бэ? Албан тушаалд томилох гэхээр хуралдаа ирдэг, ард түмний эрх ашиг ярихаар алга болдог. Бүтэн 3 жил унтлаа, болоо юм биш үү? УИХ-ын даргаа энэ баян, тарган гишүүдээ дуудаж, хурдан ирүүл. Бид явна. Та нар яаж энэ улсыг авч явах юм?” гэх зэргээр ундууцав.
Б.Балт