“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ж.Батзандан гишүүн хэлсэн үгэндээ “Монгол Улсын олон иргэнийг эрүүдэн шүүсэн хэргийн талаарх материал УИХ дахь С.Зоригийн хэргийг шалгах Түр хороонд ирсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг Түр хорооноос МҮОНТ-ээр дамжуулан ард түмэнд үзүүлснийг та бүхэн санаж байгаа. Эрүүдэн шүүлттэй холбоотой, эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудтай холбоотой шүүх хурал ирэх наймдугаар сарын 12-нд Төв аймгийн шүүхэд болно. Эрүүдэн шүүсэн хулхи генерал, хулхи профессорууд, мөрдөн байцаагч, прокурорын ажилтнуудад хуулийн хариуцлага тооцох ёстой. Эрүү шүүлтэд орж яргалал, тамлалын дор зовж эцэстээ хэрэг хүлээсэн болоод ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэсэн байр суурь дээрээ Түр хороо хатуу зогсож байгаа шүү гэдгээ илэрхийлье. Олон улсын парламентын холбоо, олон улсын парламент ч энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа. Ц.Элбэгдорж, хулхи генерал нарын хийсэн хууль бус ажиллагаанууд ил болсоор байна. Наймдугаар сараас эхлэн сар бүр МАНАН бүлэглэлийн хийсэн гэмт хэргүүд шүүх танхимд очно. УИХ-ын таван гишүүн 23 том хэргийг шалгуулахаар УЕП-т хүсэлт явуулсныг та бүхэн санаж байгаа. Одоогоор 10 гаруй нь боогдоод шүүхэд шилжээд байна. Монголын шүүх, хараат бусаар, шударгаар ажиллаж чадах уу, үгүй юу гэдгийг харах үлдсэн. Ц.Элбэгдорж, хулхи генерал, МАНАН-гийн захиалгаар Монголын шүүх ажиллах уу, ард түмний талд, шударга ёсны талд ажиллах уу гэдгийг харах үлдсэн. УИХ-ын гишүүн бид 23 том гэмт хэрэгт холбоотой шүүх хурлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулахыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн гэдгээ та бүхэндээ дуулгая. МАНАН бүлэглэлийг шүүх хуралдаанд сэтгүүлчдийг, шударга эх орончдыг ажиглагчаар оруулах ёстой. МАНАН бүлэглэл сандарч, үймж эцсийн амьсгалаа хураахын өмнө Монголын ард түмнийг доромжилж, эх орончдыг гүтгэж эрээ цээргүй авирлаж байна. 30 жил Монголыг тоносон МАНАН мафиг устгахын төлөө ард түмэнтэйгээ хамтран эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн юм.
Гишүүн Л.Болд “Өнөөдөр нэг ёсондоо цусгүй дайн өрнөж байна. Гэхдээ хүн амь нас үрэгдэж байгаа учир дайны түвшинд гэж хэлж болно. Баялагийн төлөө Монголын ард түмэн, нөгөө талд нь МАНАН мафи гэсэн дайн явагдаж байна. Бид говийн бүх аймагт ажиллалаа. Монголын 33 говь сөнөж байгаа, Монгол Улс оршин тогтнох орон зайгаа алдаж байгаа асуудлаар 4 дүгээр сарын 24-нд томоохон зөвлөгөөн хийж шаардлагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Гэтэл өнөөдөр болтол энэ чиглэлээр нэг ч алхам хийгдээгүй. Түүгээр ч үл барам Тост, тосон бумбын нурууг маш хүйтэн сэтгэлээр ухаж төнхсөн булаг шандыг сүйтгэсэн байдал газар авлаа. Энэ тодорхой асуудлаар яаралтай арга хэмжээ авахгүй бол Монголчууд бид баялагтаа эзэн болж чадахгүй” гэлээ.
Тэд мөн Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нарыг шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулахыг хүссэн талаараа мэдээлэв.
Л.Бат