Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр эрх баригч МАН нэлээд нухацтай ажиллаж байгаа. Их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байна. УИХ-ын хаврын ээлжит чуулган 2019 оны 7 дугаар сарын 5-нд хаалтаа хийсэн ч залгуулаад ээлжит бус чуулганыг нээсэн нь ерөөсөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явдал шүү дээ. Гэхдээ АН-ын хувьд нэг нам дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа нөхцөлд УИХ дахь үнэмлэхгүй олонх хүч түрээд батлана гэдэг юу л бол. Иймд МАН нэг гарц бодож олох нь дамжиггүй.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа наадмын нээлт дээр хэлсэн үгээрээ баталсан. Үүнээс илүү нотолгоо гэж хаана байх вэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн наадам дээр хэлсэн тэр үг одоогийн хэлэлцэж буй төслийг тэр чигт нь дэмжиж байгаа гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүний хувьд саналаа өргөн барина. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлсэн бөгөөд УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмж, гишүүдийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, сонгуулийг холимог системээр явуулах гэх мэт санал хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хүрээнд өргөн барьсан санал учраас УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх гэнэ.
Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 108 болтол “нисгэж”, суудалдаа байх хугацааг нь 5 жил болгох зэрэг “далий” саналууд нь дэмжигдэх, эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа олон нийтийн эсэргүүцэлтэй тулах магадлалтай. Одоо байгаа 76-г цөөлөх хэрэгтэй гэж үздэг тэр хандлага ард иргэдийн хүрээнд хүчтэй хэвээр байна.
Д.Дорж