Өдрийн 13 цагт орцонд хүмүүс чанга чанга хэрэлдэх сонсогдов. Гэгээн цагаан өдөр юун согтуу хүмүүс байдаг билээ гэж бодоод иргэнийхээ үүргийн дагуу гараад харвал ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дүрэмт хувцастай гурван банди, хоёр охин электрон тамхи татаад зогсож байна. Хоёр нь цонхны тавцан дээр гэртээ байгаа юм шиг тухай нь аргагүй суужээ.
Шалаар нэг тэдний хөглүүлсэн хог. “Наад орцыг нь хүн цэвэрлэдэг юм. Ер нь та нар яагаад хүн амьдардаг орчинд ирчихээд амгалан тайван байдал алдагдуулаад байна вэ” гэвэл хоёр эрэгтэй хүүхэд сүрхий муухай харж байна. Нүд нь сүүмийгээд нэг л биш. Харин бусад нь “Уучлаарай, ахаа одоо гарлаа” гэв. Гэртээ орж амжаагүй шахам байхад шил хагарах сонсогдлоо. Хараад харвал нөгөө хүүхдүүд архины шил хагалчихаж.
Хүүхдийн эрх л гэж ярихаас хүүхэд хүмүүжлийн талаар ярьж, хэлж байгаа төрийн байгууллагууд байна уу? Архи, тамхинаас гадна мансууруулах бодисын хэрэглээ сургуулийн сурагчдын дунд түгшүүрийн хэмжээнд очоод байгаа талаар эцэг, эх, багш нар, төрийн холбогдох байгууллагууд юу бодож байна вэ?
“11 дүгээр ангийн хүүхэд маань шөнийн 01 цаг хүртэл гэртээ ирэлгүй алга болчихлоо” гэж цагдаагийн 102 дугаар руу мэдэгдвэл “Ирэхээр нь хүүхэд загнаж, зодож болохгүй шүү” гэх юм. Эцэг, эх нь төрүүлж өсгөсөн үр хүүхдүүддээ үг хэлэх эрхгүй болчихсон юм уу?! Архи, тамхи хэрэглэх вий, муу хүмүүстэй нийлж буруу замаар орох вий гэсэндээ аав, ээж нь үг хэлдэг юм. Тэгээд ч гадаад орны хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан Монголын сэтгэлгээнд тохирохгүй шүү дээ!
Бидний хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухаан гэж агуу өв бий. Түүнийг үгүйсгэж хэзээ ч болохгүй. Монголчууд зодож жанчих бус ажил хөдөлмөрт сургаж, бусдын үгийг даадаг, ахмад хүнийг хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлдэг байсан юм! Гэтэл одоо ээж, аав, багш нарынхаа үгийг хүлээж авдаггүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн төлөвшил муутай хүүхдүүд олширч байна. Багаасаа хүн чанарын тухай ойлголтгүй өссөн хүн хэн болох вэ? Тэд чинь Монголын ирээдүй биз дээ?!
Д.Лхагва