Зуны амралт дөхөөд ирэхээр Хонхны баяр гэдэг албан бус арга хэмжээ эцэг, эхчүүдийг зовоодог болсоор удаж байна. Анх их дээд сургууль төгсөгчдийн хүрээнд болдог байсан бол одоо савнаасаа халиад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамардаг боллоо. Бүр 1 дүгээр ангийн жаахан хүүхдүүд хүртэл энэ баяр нэртэй зүйлийг тэмдэглэж байна. Хүүхдүүд биш л дээ, багш, эцэг, эхийн зөвлөл нь анх санаачлаад л зохион байгуулдаг ажил шүү дээ. Явах дургүй хүүхэд бий. Гэхдээ ганцаараа үлдэх хэцүү учир арга буюу бусдынхаа нөлөөнд автдаг. Үүнээс бол санхүүгийн дарамтанд ордог айл ч бий.
Ахлах ангийн сурагчид ресторанд орно, дараа нь амралтанд явна. Энэ чинь багаас нь зугаа цэнгэлд дуртай болгож байгаа бусармаг үйлдэл гэдгийг тэр эцэг, эхийн зөвлөл, зарим багш нар даанч ойлгодоггүй! Хонхны баяраараа осол аваарт орох, архи ууж хордлогонд орж нас барах туйлын харамсалтай хэрэг гараад байна! Oдоо зогсоо!
Бага ангийн хүүхдүүдийг бөөнөөр нь нэг автобус хөлслөөд хотоос гарах юм. Автобусны жолооч нь ямар ч хүн таараа билээ? Ингэж боддог багш бий юү? Замд нь юу ч тохиолдож болно! Өмнөговь аймагт л гэхэд хонхны баяр тэмдэглэхээр явсан бага ангийн хүүхдүүд осолд орж хоёр ч хүүхдийн амь хохирлоо шүү дээ! Яагаад сургамж авахгүй байна вэ? Ер нь энэ Хонхны баярыг болиод эрдмийн баяр гэдэг утга руу нь шилжүүлмээр байна!
Уг нь салбарын сайд Хонхны баяр тэмдэглэхийг хориглосон ч том толгойтой эцэг, эх, багш, сурагчид нууцаар тэмдэглэсээр байна.
Д.Лхагва