2001 он. Соёлын төв өргөөнд рок, попын шилдгүүдийг тодруулах “Алтан микрофон” наадам боллоо. “Шилдэг цомог”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг төсөл”, “Амьд домог”, тэр ч бүү хэл “Залхуу хамтлаг” гэсэн номинаци бүхий урлаг соёлын сайхан арга хэмжээ л дээ.
“Шилдэг хамтлаг” дараа нь “Шилдэг төсөл” номинацийн эзэд тодорлоо. “On&off продашкн” энэхүү номинацид шалгарсан бол харин “Залхуу хамтлаг”-аар “GUYS 666” хамтлаг “тодорч” билээ.
Хамгийн сүүлд “Амьд домог номинацид “Харанга” хамтлаг” хэмээн зарлах мөчид миний ард “Амьд домог гэж байдаггүй ш дээ” гэсэн хүүхдийн часхийсэн тод дуу гардаг байгаа. Тэсэлгүй эргээд харвал 4-5 насны жаахан охин байдгаараа ярвайж харагдсан. Тэр бяцхан охины үг надад ихийг бодогдуулсан бөгөөд одоо хэр мартаж чаддаггүй юм. Яагаад ч юм, би хүүхдийн үг гээд тоолгүй орхиж чадаагүй. Хүүхэд аливааг шууд утгаар нь, байгаагаар нь хүлээж авдаг ёстой л цэцэг шиг ариухан, бас эмзэг “амьтад” юм даа гэж тэр үед л ойлгосон. Ийм гэнэн цайлган, цагаахан насанд нь хар бараанаас, муу, муухайгаас хол өсгөхгүй бол гандаж гундахдаа даанч амархан юм шүү гэж ухаарсан.
Хүүхэд ямар орчинд өсч, хүмүүжинэ тийм л хүн болно. Харамсалтай нь хүүхэд насныхаа баяр жаргалыг мэдрэлгүй өсч байгаа хүүхдүүдийн тоо өнгөрсөн жилүүдэд огтхон ч буурсангүй. Долоохон настай хүүхдүүд бүлэглэн дээрэм хийлээ л гэнэ. Сурагчид архи ууж, газ үнэрлэж мансуурч байна л гэнэ. Урд өмнө нь хэзээ ийм хэрэг гардаг байсан юм? Энэ бол ерөөсөө томчуудын сүүдэр хүүхдүүд дээр туссаны л гэрч, өнөөгийн нийгмийн байж байгаа царай. Хүүхдийн баяр гэдэг ганцхан өдөр эрх мэдэлтнүүд нь их л удаж зориуд сонгосон хүүхдүүдтэй тоглож наадах нь холгүй “жүжиглэж”, бэлэг тарааж, бэлдсэн мэндчилгээ дэвшүүлдэг бол байгууллага, хамт олон, эцэг, эхчүүдийн хувьд бэлэг өгөх, кино, жүжиг үзүүлэх, тоглуулж наадуулахаас хэтэрдэггүй. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг яг тэр утга руу нь ойртсон арга хэмжээ яагаад ийм ховор зохиогддог юм бол, холбогдох газрууд, зохион байгуулагчид яагаад энэ чиглэлийн санал, санаачилга дэвшүүлж болоогүй юм бол гэж асууя. Бүр шаардая. Өөрөөр хэлбэл, эл өдрөөр хүүхдийн эрх чухам ямар, ямар салбар дээр, хаана, яагаад зөрчигдөж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрхэх талаар гарц гаргалаа, шийдлийг эрэлхийлдэг хэлбэр рүү орж болохгүй гэж үү? Ганцхан өдрийн чихэр жимс, хөгжим наадмаар нийт хүүхдүүдийн асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ.
Хүүхэд нас ахиж хэзээ ч олдоггүй. Хүмүүс минь, бяцхан үрсээ хүүхэд насанд нь л хайрласан шиг хайрлаж яваарай гэж Монголын бяцхан үрсийн баярын өдрөөр хэлмээр санагдлаа. Элдэв амттан авч өгөхөөс илүү нүдийг нь, сэтгэлийг нь ариун байлга.
Д.Лхагва