АН-ын нэр дэвшигчид тодорсны дараа гомдогсод ар араасаа гарч ирээд намын удирдлагуудаа барьж идэхийг шахав. Зарим нь уур бухимдлаа барьж ядаж арай гэж олдсон жагсаалт, тойргоосоо нэрээ татахаа мэдэгдэж цам харайв. Үнэхээр л намдаа хайртай бол сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед гутаах хэрэг байсан уу? АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшилээрээ сонгоогүй, зөвхөн албан тушаалын төлөө л “Батлах”-ыг нь авсан болж таараад байх шиг.
Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Элчин сайд асан Ц.Сүхбаатар нар нэр дэвшигчид тодорсны дараа жигтэйхэн их уурслаа. АН-ын хэдэн дарга нарыг Сонгуулийн ерөнхий хороо, тэр ч бүү хэл Дээд шүүхэд өгнө гэж сүрдүүлэв. Гол нь Х.Баттулгын хүмүүс жагсаалт болон тойрогт орж ирсэнд эгдүүцсэн бололтой юм. Улмаар цаад эзнийхээ даалгавраар намын дарга нар руугаа чулуу шидэж хөөрцөглөлөө.
Д.Сосорбарамын “АН-д байраа сольж улс төрд ордог хүмүүс их шургалах юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан, “Эрдэнэс тавантолгой” ХК-д том алба хашиж байсан Г.Дэнзэн гэж хүн бий. Н.Алтанхуягийн хүргэн. Би хурал дээр хүргэнээс нь асуусан. Н.Алтанхуяг гэдэг хүн нэр дэвших боломжтой юу гэхэд “боломжгүй, яагаад гэвэл үндэсний бодлогын хорооны гишүүн биш”. Бие дааж дэвшсэн учраас АН-ын гишүүн мөн биш нь ч эргэлзээтэй учраас дэвшихгүй гэсэн. Мөн босоо гэгддэг С.Ганбаатар. Энэ хүн намын гишүүнээ баталгаажуулсан эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүн биш учир нэр дэвших эрхгүй. Энэ гурван хүнийг баталгаатай нэрлэж, нэр дэвшихгүй гэдгийг хурлаар мэдэгдсэн. Эдгээрээс гадна сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байна. Намын гишүүн биш, жигтэйхэн цензургүй хүн АН-руу тооноор эсвэл хаяагаар орж ирээд нэр дэвших гэж байна. Энэ бол АН-ыг доромжилж байгаа хэлбэр. Нэр дэвшсэн хүмүүсээс ҮБХ-ны дүрэм зөрчсөн 38 хүн байна. Угтаа бол АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн хүн л нэр дэвшиж болно. Энэ дүрэм зөрчсөн явдлаас харахад АН нэгдэж ойлголцсон ч нам дотор нь устгах нөхцөлийг үүсгэсэн байгаа юм. Жагсаалтад багтсан Ө.Шижир гэдэг хаанахын хэн юм. Саяхан АНУ-руу оргож, зугтааж байгаад л ирсан шүү дээ. Ийм дээрэмчин сэтгэлгээтэй хулгайч нарыг, товчхондоо оросын гар хөлийг АН жагсаалтад оруулсан явдалд би хувь хүний хувьд, намын гишүүний хувьд дургүйцэж байгаа. Оросын үүргийг биелүүлэхээр үүргэвчээ үүрээд явж байгаа хүү бол Х.Баттулга. Энэ хүүхдийн тоглоом АН-д орж ирснээр намыг сүйрүүлэх ажил явагдаж эхэлсэн. Х.Баттулга МАН-ын толгой дээр байгаа хүнтэй эвлэлдэн нэгдэж, тооцоо бодож Монголын тусгаар тогтнолд заналхийлж байна. Би ингэж л дүгнэж байна” хэмээсэн энэ хэдэн зүү шиг өгүүлбэрүүд ерөөсөө л Х.Баттулга руу дайсан Ц.Элбэгдоржийн үг шиг сонсогдоод байгаа юм даа.
Д.Лхагва