ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Ногоон автобус”-ны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Д.Сумъяабазар өнөөдрийг хүртэл надад уурлаж байгаа шалтгаан нь “Ногоон автобус”-ны хэргийг олон нийтэд ил болгосонд байгаа юм. Тэр асуудлаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байна билээ.Би тэрийг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөөд, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирсан болгох гэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдэг хариулт өгье” хэмээн нэлээд шазруухан мэдэгдсэн.
Түүний энэ үг Д.Сумъяабазарыг хотын дарга байх үед таарамжгүй харилцаатай болсныг илтгэв. Өөрөөр хэлбэл, “цавчаа ногоон” хэмээх хулхи автобусны булхайг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илчилсэн бөгөөд улмаар Д.Сумъяабазарыг хотын даргаас огцруулсан гэсэн үг.
Одоо асуудал цаашид хэрхэн өрнөх вэ? Д.Амарбаясгалан бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. Энэ үүднээсээ тус намаас хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эрх түүн дээр төвлөрч байгаа нь ойлгомжтой. Одоо Д.Сумъяабазар Нийслэлийн намын хорооны даргаа Х.Нямбаатарт өгөх нь тодорхой болоод байгаа. МАН-ын генсекийн хувьд Д.Сумъяабазарт буулт хийхээргүй шинжтэй болсон нь харагдаж байна. Экс хотын даргад мандат олддог л байгаа?
Д.Лхагва