АН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж “Энэ жил бол сонгуулийн жил. Монгол орон даяар цас их орж шуурснаар ихэнх нутгаар зуд болж байна. Амьжиргааны эх сурвалж болсон мал ихээр хорогдлоо. Мал аж ахуй бол эдийн засгийн тулгуур багана. Мал сүргийн тоо цөөрөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Харамсалтай нь эрх баригчдын хувьд хуучин коммунист аргаар хандив, татварыг тэглэх арга хэмжээ авч байна. УИХ-ын гишүүд зудын онцгой нөхцөл байдалтай байгаа Сүхбаатар, Дорнод аймгуудад очихгүй хэрнээ өөр аймгуудаар явж байна. Малчдад туслах нэрээр зудaap далимдуулж улстөр хийж байна. Жишээ нь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зуд нүүрлэсэн Завхан, Увс аймагт ажиллаж байгаа тухай сурталчилгаа ихээр явлаа. Тэр хүн яагаад Сүхбаатар, Дорнод руу явахгүй байгаа юм? Тэнэг хүн хараад сонгуулийн далд сурталчилгаа гэж ойлгоно. Ямар нэг юмыг далимдуулж, хууль зөрчдөг явдал эрх баригчдын гэм биш зан боллоо. Энэ бурангуй байдал нийгэмд муу нөлөө үзүүлж байна. Төрийн хүний хэлж байгаа үг, үйлдэл олон нийтэд үлгэр дууриалал болох ёстой ч зарим сайд дарга нарын сэтгэц нь эрүүл саруул байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Улстөрч гэхээр авлигачид гэж боддог боллоо. Энэ бүх болох, болохгүй зүйлийг хийж байгаа гол буруутан нь эрх баригч намын бодлого” гэгчлэн өгүүлэв.