Монголчууд олон зуун жилийн турш хурдан морь уралдуулж ирэхдээ жилийн 4 улирлын аль үед нь уралдаан зохион байгуулах вэ гэдгийг маш оновчтой тогтоож чадсан, морин дэлэн дээр өссөн түүхэн уламжлалтай ард түмэн, Үндэсний хурдан морины уралдааны нэг онцлог бол хүүхэд унаж уралддаг явдал юм.
Энэ нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг амьдралын язгуур хэвшлээс урган гарсан бөгөөд хүүхдээ тун балчир настайд морь унуулж сургадаг онцлогтой нь Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн түүхтэй. Нүүдэлчин монголчуудын Хүннүгийн үеэс улбаатай энэ заншил өнөөдрийг хүртэл яг хэвээрээ хадгалагдан үлдсэн нь чухамхүү хурдан морины уралдааныг эрхэмлэн дээдэлдэг, морьдыг уяанд бэлтгэх буюу уяж сойх дэг сургууль бий болсон нь адууг эдлэх соёл өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулдаг.
Монголчууд хурдан морио уралдуулахдаа байгаль орчин, цаг агаарын нөхцөл, хүн болон малын эрүүл мэнд зэрэг хүчин зүйлүүдийг нягт нямбай тооцон зохион байгуулж, тогтмол бэлтгэгдсэн дадал сайтай хүүхдүүд л түүнд нь оролцдог уламжлалтай ард түмэн юм.
Хэдийгээр 3 дугаар сард цастай ч гэлээ хүйтэн жавар илт саарсан байдаг. Хаврын уралдаан нь манай орны аймаг, сум, хороо, баг бүрт, жаахан дэгсдүүлэн хэлбэл бараг өвөлжөө болгонд зохиогддог байсан. Мөн аймаг, сумдад хаврын уралдааныг тогтмол хийж хэвшсэн газар нутаг байдаг. Уяачид болон хурдан морь сонирхогчид нь төр засгаас хурдан морь эс уралдуулах талаар гарсан шийдвэрт тэр болгон захирагддаггүй нь газар нутгаас шалтгаалсан тархмал байдал, урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ хэрэгжүүлэх боломж хомс зэргээс шалтгаалдаг хэдий ч хамгийн гол хүчин зүйл нь хэдэн үеэрээ дамжин уламжлагдаж ирсэн эцэг өвгөдийнхөө үлдээсэн өв, нүүдэлчин ахуй, сургаал захиасыг хуулийн хэм хэмжээнээс илүү дээдлэн авч үздэгтэй холбоотой. Гагцхүү уяачдын саналыг Монголын морин спорт, уяачдын холбоогоор дамжуулан нэгтгэснийг үндэслэн Засгийн газар улсын чанартай бүсийн уралдааны товыг тогтоож уралдаанч хүүхдийн эрх, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, хууль тогтоомжийн болон холбогдох дүрэм, журам, стандартын шаардлага буюу аюулгүй байдлыг нь хангаж, хяналт тавьж зохицуулан хэрэгжүүлж иржээ.
Засгийн газар хаврын хурдан морины уралдааны товыг тогтоосон тогтоолыг Монголын морин спорт, уяачдын холбоо болон түүний орон нутаг дах салбар нэгжүүдтэй хамтран зохион байгуулж, комисс томилж, олон нийтийн байгууллагын дэмжлэгийг авч уралдааныг зохион байгуулдаг нь түүхэн өв, уламжлал соёлоо хүндэтгэж буй нэг хэлбэр мөн юм.
Үүнээс гадна Хаврын хурдан морины бүсийн уралдааны бүсийн уралдааны товыг жил бүр баталснаараа хурдан морь унаач хүүхдийн эсэн мэнд байдлыг нэгдмэл байдлаар хангах, нэг мөр ойлголттой болох, хурдан морины уралдаанд холбогдох байгууллагуудын хүчийг төвлөрүүлэх, дэг журам зохион байгуулалтыг сайжруулах, улмаар хяналт тавих боломжийг бүрдүүлдэг. Уралдааны үеэр хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаа хүн ба мал эмнэлэг, даатгалын компаниуд, хэв журам хамгаалах үүрэг бүхий цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллах шийдвэрийг холбогдох яамд, удирдах дээд газрууд болон тухайн газрын Засаг дарга, тэдгээрийн тамгын газрын түвшинд гаргуулж, тодорхой удирдамж, үүрэг чиглэлтэй ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгсөн тогтмол үйл ажиллагаа мөн юм. Дээр дурдсан зохион байгуулалтыг жилд нэг удаа зөвхөн зуны улиралд буюу наадмын үеэр хийгээд өнгөрөх нь учир дутагдалтай бөгөөд, нөгөө талдаа хурдан морины уралдааны бэлтгэл нь жилийн турш үргэлжилдэг болсон орчин цаг үед тодорхой давтамжтай явагдсанаар уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхэд оновчтой техникийн зохицуулалт болох нь дамжиггүй. Энэ нь гагцхүү уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн зорилготой юм.
Монгол Улсын Үндсэн хуулинд Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэсэн тунхаг бичигтэй билээ. Энэ тунхаг бичгээс харахад бид улсынхаа тусгаар тогтнол болон үндэсний өв соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж үндэсний спортын нэг төрөл болох хурдан морины уралдааныг түүхэн талаас нь уламжлан ирсэн хаврын улиралд хийхгүй болсноороо нэгэн төрлийн үндэсний өв уламжлалаасаа татгалзаж буйн нэг илэрхийлэл гэдгийг анхаарч үзэх ёстой. Мөн хурдан морийг хүүхдээр унаж уралдуулахыг эсэргүүцдэг, үгүйсгэдэг аливаа этгээдийн гарвал угсаанд эргэлзэх нь өнөөгийн ээдрээтэй цаг үед тун бодолцож үзэх нь зүйтэй асуудлын нэг мөн юм.
ММСУХ-ны Тэргүүлэгч Т.Төрбат