Өнгөрөгч долоо хоногт улс орон даяар хугацаат цэргийн албаны шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Аав ээж, өвөө эмээ, ах эгч, дүү төрөл төрөгсөд, энхрий хайрт найз охин гээд байлдагч нарын хамгийн эрхэм нандин хүмүүс цэргийн ангийн хашаанд жагсаалын талбайг тойрч зогссон харагдана. Тэр энэ гэж ялгахын аргагүй халзан хүмүүс байх юм, ахыгаа яаж олно гэсээр аав, ээж хоёрынхоо гараас зэрэг чангаах охин цаанаа л нэг эгдүү. Харин сурагчийн ширээнээс нөхөрлөсөн болов уу гэмээр үе тэнгийн охид, хөвгүүд тэнд байна гэж гараараа заасан зүгтээ харж, инээд алдсаар л байв.
Хүүхэд зангаараа бие, биеэ хөөрхөн шоглочихдог тэд өнөөдөр эгнээнээсээ нэгийгээ эх оронд нь хүлээлгэж өгч байна. Мөн хот газрыг хол гэж яндалгүй зээ хүүгийнхээ тангараг өргөх ёслолд ирсэн өвөө, эмээ нар баярын нулимс унагаж, хааяадаа хоолой нь зангирна. Арга ч үгүй биз, алган дээр нь бөмбөрч, үргэлж л нялхаараа юм шиг тарвалзаж явсан ач, зээгээ эх орны манаанд мордуулж байна.
“Албаа сайн хаагаад ирээрэй, тэр болтол би үнэнч сэтгэлээр тэвдэлгүй хүлээж байя. Одооноос чамайгаа харах бүрийд хайр, бахархал төрдөг боллоо. Санасан, хүлээсэн, догдолсон, аргамжаатай юм шиг санагдуулах өдөр, хоногууд хөвөрсөөр нэг л мэдэхэд жил тойрч бид уулзана. Амьдрал надад чамайг өгсөн нь хангалттай. Бусдыг нь хамтдаа бүтээнэ” гэсээр аньсага чийгтэх найз охин гээд энэ өдрийн зураглал захаасаа нэг ийм. Ингээд “Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая” хэмээн өргөсөн тангараг нь өвлийн жаврыг ч зад цохихоор сүртэй, дайчдын харц ч жавхаатай.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан хэлж байв, цэргийн тангараг гэдэг амины үнэтэй. Учир нь тангараг өргөсөн цэргийн зүрхэнд эх орон, төр, ард түмэнтэйгээ багтдаг. Ийм том язгуур эрх ашиг уяатай байдаг тул тангаргаасаа няцвал төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ гэж заасан. Тиймээс тангараг өргөсний маргаашаас эхлээд ээж аавын өврөөс гарч, эх орны хүү боллоо гэдэг.
Нэг хэвийн, бидний хэлж заншсанаар ард амьдралаас цэргийн амьдралд шилжих тэр үйл явц бол карантины 45 хоногийн хугацаанд явагддаг. Шинэ амьдралын хэв маягт дасан зохицоход өөрийн бие болоод сэтгэл зүйгээ бэлдэж, тэвчээр заах хэрэгтэй. Гэхдээ тэвчээр дан ганц цэргүүд бус тэдний ар гэрийнхэнд ч үйлчлэх ёстой гэдгийг бид ойлгох цаг нэгэнт ирсэн. Иргэний журамт үүргээ биелүүлэх нөхцөлийг хоёр талаасаа л тэгш бүрдүүлье л дээ. Төрийн байгууллагууд ажлаа хийнэ. Эцэг эхчүүдээс ч шаардах зүйл бишгүй байх юм. Эх орноо хамгаалах цэрэг дайчид эрүүл байх ёстой. Үүнийг төр, эсвэл эцэг эх хийх ёстой юу. Эцэг эхийн гар дээр хүмүүжсэн хүүхдийг цэргийн анги, байгууллага хүлээж авдаг. Тэгвэл түүнээс урьтаж цэргийн насны залуусын идэж хэрэглэж буй хоол хүнс, ЕБС-иудын сургалтын хөтөлбөр дэх биеийн тамирын норм, норматив ямар байгаа вэ гэхчлэн задалж ойлгох, тус тусад нь авч үзэх асуудал байна уу гэвэл тийм. Ер нь иргэний үүрэг хүлээх насанд хүртэл бие болоод сэтгэцийн эрүүл мэндийг ямар түвшинд хүрээд байгааг харгалзаж үзэх хэрэгтэй юм байна гэдгийг сүүлийн үеийн кейсүүд хангалттай хэлээд байгаа бус уу.
Ер нь бүх үүргийг төрд хүлээлгэдэг бэлэнчлэх зангаа татмаар байна. Бас эцэг эхчүүд, жирийн иргэн цэргийн албаны талаар зохих ойлголттой болох талаар ч бодож үзэх л хэрэгтэй. Ингэж хэлж байгаагийн учир нь бид Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан.
Ингэхдээ ямар нэгэн хүйс заагаагүй. Тусгаар тогтносон 200 гаруй улсын 170 нь өөрийн гэсэн Зэвсэгт хүчинтэй. Тэдгээрийн тэн хагасаас илүү нь иргэдээ хугацаат цэргийн алба хаалгадаг. Ингэхдээ 1-3 жилийн хугацаанд алба хаана. Зарим улс оронд Зэвсэгт хүчнийх нь тодорхой хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид бүрдүүлдэг тогтолцоотой. Хамгийн түрүүнд Израйлыг нэрлэж болох юм. 10 гаруй сая хүн амтай энэ улс 400.000 гаруй бэлтгэл үүрэгтэнтэй. Тус улсын иргэн 18 нас хүрмэгцээ цэргийн алба хаах үүрэгтэй. Энэ үүргээс эмэгтэйчүүд ч сугарч үлддэггүй. Эрчүүд нь 30, эмэгтэйчүүд нь 24 сарын хугацаатай алба хаадаг аж. Тэр ч бүү хэл Израйл улсын Зэвсэгт хүчний нийт болоод офицерын бүрэлдэхүүний 30 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Өөр нэг жишээ дурдахад, НАТО-гийн гишүүн орон Норвегийн парламент бүсгүйчүүдийг цэрэгт татах тухай хуулийг 2014 онд баталж, дараа жилээс нь мөрдүүлж эхэлсэн. Тус улсын эмэгтэйчүүд энэ шийдвэрийг жендерийн тэгш эрхийн үүднээс нааштайгаар хүлээн авчээ. Өнөөдөр цэргийн албанаас зайлсхийх үзэл, ойлголтыг нийгэмд түгээгч, дамжуулагч нь иргэд бид өөрсдөө болчихсон гэхэд хилсдэхгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр, санаатай болон санамсаргүй гэж хардахуйц байдлаар сүүлдээ бүр тусгаар тогтнолын баталгаа болсон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага руу хар будаг тоймгүй цацаж, үйл ажиллагаа, хүлээсэн үүргийг саармагжуулах гэсэн оролдлогууд удаа дараа гарсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.
Монголчууд тусгаар тогтнол, аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг цонхны бодлогод зангидагдах ёстой. Амтай болгон барьцгүй, цуураад байвал тэр зүгээр л хөөсрөл болж таарна. Мэдээж дайны цагт ч, энхийн цагт ч эгнээнээсээ нэг цэргийг цаг бусаар алдана гэдэг бол маш том гарз. Энэ утгаараа шүүмжлэл ирэх нь зүйн хэрэг. Гэвч түүнийг турхирах, салбараар нь харлуулахад гишгүүр болгож ашигласан цөөнгүй тохиолдолд бид тэвчээр заасан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Тэгээд түүнийхээ галыг иргэд, олон нийтээр өрдүүлсэн. Энэ бол хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө эхээсээ илүү ардчиллыг анархизм болгож буйн тод жишээ гэхээс өөрцгүй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дурдсанаар Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс үндэстнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно гэж заасан байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна гэж тусгасан. Гэтэл цэргийн албыг илтэд үгүйсгэх суртал, ухуулгын шинжтэй үйлдлүүд нь төрийг сулруулах, цаашлаад иргэдээс холдуулах, тэдний хооронд үл ойлголцлын хана хэрэм босгох, зузаатгах гэсэн муйхар арга гэж үзэж байгаагаа нуух юун. Нийгэмд бухимдал, стресс их байхын хэрээр түүнийг өөр ямар нэгэн байдлаар, хэн нэгэнд ашигтай байх хувилбар яригдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг нухацтай хөндөж тавихаас илүүтэй зүгээр л олон нийтийн санаа бодлыг өөрт урвуулах хэрэглэгдэхүүн болгож хувиргадаг гэсэн үг. Энэ технологи саяхных биш, нутагшаад удаж байна. Нөгөө талаас бид мэдээлэлд шүүлтүүртэй, асуудалд бодитой хандахгүй бол цахим орчин дахь үзэл, хандлага нь өрсөн даалууны нэг захаас түлхэхэд нийтээрээ ханарч унадагтай адил уур амьсгалтай байгаа. Үүнийг л төрийн ч, иргэний ч эсрэг ашигласаар ирснийг бид сүүлийн жилүүдэд бэлхнээ харж сууна.
Цэрэг хүний хөдөлмөр угаасаа хүнд. Онцлог нь ийм. Энэ онцлогтой цэргийн тангараг хамт сүлэлдэн байж, тэр хэрээрээ эх орны тусгаар тогтнолын баталгаа зузаардаг. Өнөөдөр Монгол Улс эх орноо хамгаалахад шаардлагатай бэлтгэл нөөцийг хугацаат цэргийн албаар дамжуулан бэлддэг. Тиймээс энэ албаны дайчдыг бэлтгэхдээ нийгэм цаг үеийн шаардлага, орчин үеийн залуусын сэтгэлгээний хандлага, сэтгэл зүйн байдлыг ч хамтад нь авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл төр томоохон үүрэг хүлээж буй.
Эх орноо батлан хамгаалах чадвартай бэлтгэл үүрэгтэн бэлтгэхийн зэрэгцээ цэргийн ангийн хашаанаас их, дээд сургуулиа төгсөх боломжийг нээж, алба хаах хугацаанд нь иргэний мэргэжил эзэмшүүлж, цэргийн жинхэнэ албанд улирч үлдэхийг хүсвэл бүхий л талаар дэмждэг болсон. Өөрөөр хэлбэл, аль ч салбарт эх орондоо хэрэгцээтэй иргэн байлгах үүднээс хэрэгжиж буй төрийн үйлчилгээ ингэж хүрч байна. Энэ мэтчилэн бодлого талаас нь харвал цаг үеэ дагасан шилжилтүүд чамгүй олон. Тиймээс сошиалаар харамгүй, хайр найргүй “булли” хийсэн шигээ, эерэг зүйлийг ч таних тунгалаг мэлмийтэй байгаасай гэж хүсэж байна. Бид энэ их мэдээллийн урсгалд дандаа л барьц алдаж, өөнтөгч хэвээрээ байвал бидний сэтгэхүй хараас харанхуй руу унана. Төгсгөлд нь захиж хэлэхэд Монгол Улсыг монгол цэрэг л хамгаална. Хэрвээ бид өөрсдөө хамгаалж чадахгүй бол гаднын улсын цэргийг тэжээдэг жишээ олон бий дээ.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ