2023 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо.
Хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Зандашатар хэлсэн үгэндээ “Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна. Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д, авлигын үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 70-д эрэмбэлэгдсэн бол, 2023 онд 142 орноос 86-д, эрүүгийн эрх зүйн хэрэгжилтээр 2017 онд 113 орноос 50-д орсон бол 2023 онд 142 орноос 66-д, Нээлттэй засаглалын байдлаар 2017 онд 113 орноос 61-д жагсаж байснаа 2023 онд 142 орноос 74-д орсон байх жишээтэй. Эндээс бид чухам ямар асуудалд илүү анхаарах ёстой вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой” хэмээн мэдэгдлээ.
Дэлхийн улс орнуудаас тэг дунд л яваа хэрэг. Харин ч бүр таван жилийн өмнөхөөсөө шат ухарсан байгаа нь харагдаж байна.
Хүний эрх бол ус, агаар мэт амин чухал хэрэгцээ, маш гүнзгий ухагдахуун юм. Төрийн эрх барих дээд байгууллага хүний эрхийн төлөө хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж, том дарга нар нь гоё сайхан үг хэлээд өнгөрөх нэг хэрэг. Төрийн бүх шатанд цаг тутамд, минут хором бүрт хүний эрхийг дээдэлж явах нь өөр асуудал. Өөрөөр хэлбэл, хүний эрх гэж улиг болтол ярихаасаа илүү хэрэгжүүлэх, хангах нь л хүний эрхийн төлөө хийж буй хамгийн том үйлс юм.
Д.Лхагва