Нүүрсний сонсголоос олон нийт юу хүлээж байна вэ. Зорилго нь тэр байх ёстой. Албаны эх сурвалжууд “…Нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой” хэмээсэн. Олон нийт ч “…Нүүрсний хулгай гэж чухам юуг хэлээд байна вэ”, “…Хулгайч нь ямар хүмүүс вэ”, “…Ямар дүнтэй хулгайг яаж хийсэн бэ”, “…Ямар тогтолцоогоор явагдсан хулгай вэ” гэж тал талаас нь “сонирхож” байгаа юм. Сонсголын явцаас харахад шинжээчид асуудлыг гаргаж тавиад, гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийгөө хамгаалж байна. Харин болсон явдлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлууд л байгаагаар нь хэлээд өгч байх шиг байна. Тэдний үг маш ноцтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирал Б.Энэбиш “…Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм. Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн. Хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Гуравдугаарт, буруу дугуй худалдаж авсан гэдэг. Хувь хүний үүднээс хэлэхэд, намайг хэлмэгдүүлж, шударга бусын хонгилоор чирэх гэсэн учраас гадаадад амьдарсан” гэв.
Бас тус компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь “…Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. “…Нүүрс удахгүй үнс болно. Төрийн компани нүүрс ухдаггүй юм” гэсэн PR-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа “Шинхау Энержи” компанид 99 жилийн хугацаатай Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа юм. Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна” гэсэн юм.
Мөн, хоригдоод жил болж байгаа Б.Ганхуяг хоёр сар гаруйн өмнө шүүх дээр “ …Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан. Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. …2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. …Би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ” гэж ярьсан. Тэрбээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ энэ сонсголыг эхэлснээс хойш тавьсан. Гэхдээ Б.Ганхуяг сонсголд оролцож чадсангүй. Үүнд УИХ, шүүх, прокурорын аль нь хаалт хийгээд байгааг одоогоор хаанаас ч мэдээлсэнгүй. Ирэх долоо хоногт үргэлжлэх сонсголд оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхийдөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлуудын үгийг маш анхааралтай сонсох учиртай. Учир нь, сонсгол дээр яригдсан олон тэрбум, их наядын хулгай яагаад үргэлжлээд байсныг тэд л хэлж өгч чадна. Тэгэхээр Б.Ганхуяг ч нүүрсний сонсгол дээр заавал байх ёстой. Түүнээс гадна, жил гаруй гадаадад амьдарч байгаа “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал ч ирж сонсголд үгээ хэлэх учиртай юм. Товчхондоо, Тавантолгойн захирлуудгүйгээр, тэдний үггүйгээр нүүрсний хулгай шийдэгдэх боломжгүй. Тэр утгаараа, тэд энэ хулгайн хамгийн гол гэрчүүд юм. Нэг үгээр хэлбэл, нүүрсний сонсгол тэдэнгүйгээр үргэлжлэх нь үр дүн муутай гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин