Томуугийн өвчлөл цар хүрээгээ тэлсээр байна. Хятадад дэгдсэн ханиад хүүхдэд ихээхэн халтай бөгөөд нэг хоногийн дотор уушгины хагтаа үүсгэж байгааг эмч нар анхаарууллаа. Ядаж байхад шинэ жилийн баяр дөхөөд байдаг. Зарим байгууллагууд хэдийнээ “ёолк”-оо тэмдэглээд эхэлсэн байна. Амьсгалын замын өвчлөл өндөр үед уг нь наадам цэнгэлээ хойш нь тавих хэрэгтэй ч манайхан баярлаж хөөрөхөө нэгдүгээрт тавиад ухаан алга. Юун ханиад томуу…Бөөнөөрөө нийлж оны шилдгээ шалгаруулж, шампанск буудуулж л байвал боллоо гэх үзэл давамгайлж байна. Мэдээж шагнал авсан нэгнээ үнсэж үнгэх нь тодорхой. Халсан хүмүүс аяга тавгаа солих ч энүүхэнд.
Үүнээс болоод л өвчлөл нэмэгдээд байгааг анхаарч үзмээр байгаа юм даа. Сургууль, цэцэрлэгт шинэ жилийн баяр тэмдэглэхийг хоригломоор байна! Эцэг, эхийн зөвлөл гэдэг сайн дурын бүтэц нь баяр ёслол тэмдэглэх нэрээр мөнгө хурааж, дунд сургуулийн сурагчдыг ресторан, бааранд оруулж хэвшжээ. Багаас нь найр наадамд дуртай болгох ямар хэрэг байна аа!!!
Боловсролын яам, Боловсролын сайд энэ асуудалд онцгой анхаарч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хориглох тушаал гаргах хэрэгтэй. Хэдхэн цагийн наргианаас чинь болж томуугийн өвчлөл улам ихэсч, эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрнэ шүү!
Д.Дорж