Салбарын сайддаа зодуулсан гэх Улаанбаатар төмөр замын орлогч дарга Н.Энхцогттой үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
– Таны биеийн байдал яг одоогоор ямар байгаа вэ?
– Миний хувьд одоо Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тархины битүү цохилттой гэх оноштой. Мэдээж эм, тарианаас гадна уламжлалт эмчилгээ болох бариа засал хийлгэж байгаа. Үйл явдлаас хойш одоо хорь гаруй хонож байна. Биеийн байдал дээрдсэн зүйлгүй хэвэндээ л байна. Тархины зүүн талаар байнга лугшиж өвдөнө. Зүүн талаараа хэвтэхээр өвдөөд унтаж чадахгүй байгаа тул өнөө орой цусаа хануулахаар бэлдэж байна.
– Хэзээ цохиулсан бэ?
– 11 дүгээр сарын 9-нд.
– Тэрнээс хойш өдийг болтол тасралтгүй хэвтэн эмчлүүлж байгаа юу?
– Үгүй ээ. Тэр өдрийн маргааш нь би ажилдаа явах гэтэл толгой эргээд, биеийн байдал тун эвгүй байсан тул хальт очоод чөлөө аваад толгойгоо бариулсан. Байдал муудаад байсан болохоор эхнэр хагас сайн өдрөөс нь эхлээд эмнэлгээр явсан даа.
Мэргэжлийн том улсын эмнэлгүүд дээр яг юу болсон талаар надаас асуухад нь хүнд цохиулсан гэж хэлсэн. Тухайн үед хэн цохисныг би огт хэлээгүй. Тэгтэл эмч нар нь хүнд цохиулсан асуудал байгаа бол таныг хэвтүүлэн эмчлэх эрсдэлтэй, нойрондоо цус харвах аюултай тул та эхлээд Шүүх эмнэлгээр явах хэрэгтэй гэсэн.
Ингээд Шүүх эмнэлэгт очтол эхлээд цагдаагийн газраас шинжээч томилж байж, Шүүх эмнэлгийн дүгнэлт гардаг гэсэн. Тэгэхээр нь шууд цагдаа орсонгүй ээ, бас. Учир нь намайг цохисон сайд маань бас нэг учраа ойлгоод ярих болов уу гэж санаад долоо хоног харсан.
Эр хүн байна, өндөр албан тушаалтай хүн байна. Ирж бас нэг учраа олоод, уучлал гуйчих болов уу гэж хүн ёсоор хүлээсэн. Ингээд найм хонолоо. Сайдаас ямар ч хэл чимээ ирээгүй. Тиймээс миний хувьд нэн яаралтай биеийн эрүүл мэндээ бодох хэрэгтэй болсон. Бас цаг өнгөрөх тусам ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхгүй бол сүүлд нь гарах эрсдэл өндөр гэдгийг ойр тойрны хүмүүс их хэлсэн л дээ.
– Үйл явдал болсны дараа буюу долоо хоногийн дараа цагдаад хандсан гэж ойлгох уу?
– Үнэхээр эрүүл мэндээ бодоод цагдаад хандахаас өөр гарц байгаагүй. Ингээд цагдаагаас шинжээч томилогдоод тэрний дагуу Шүүх эмнэлгээр явах болсон. Улмаар Шүүх эмнэлгээс дүгнэлт гарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бололцоо нээгдсэн гэж ойлгож болно. Ингээд Гуравдугаар эмнэлэгт ес хоног хэвтээд саяхнаас Төмөр замын эмнэлэгт хэвтэн, эмчилгээгээ үргэлжлүүлсээр байна.
– Яг тэр өдөр юу болсон юм бэ. Та хоёр яагаад маргалдаж, нэгнийхээ биед гарах хүрэх хэмжээнд тулав?
– Юутай ч бид хоёрын дунд ямар ч маргаан битгий хэл нэг үгний ч солио гараагүй. Тэнд олон хүмүүс байсан. Хэн ч маргалдаагүй. Тэр явдлаас хойш одоо бараг cap орчим болох гэж байна уу даа. Энэ хугацаанд миний хувьд тэр өдөр сайд маань яагаад намайг цохисон юм бол гэж бодоод, бодоод олохгүй л байна. Үнэхээр их гайхаж сууна. Сүүлдээ бүр хүн андуураад цохичихсон юм болов уу ч гэж бодох шиг.
Олон хүний хажууд улаан цагаан миний чамархай руу чанга цохисон л доо. Цохилттой зэрэгцээд шоконд ороод дотор харанхуй оргиод л ирсэн. Цохилт их хүчтэй байсан. Миний оронд өөр бие муутай хүн байсан бол бараг газар дээрээ ухаа алдаад, яах ч юм басан юм, мэдэхгүй. Чамархай бол үхлийн цөөхөн цэгийн нэг гэж сонссон. Уг нь иймэрхүү цэг рүү цохих аюултай. Гэтэл ямар ч үгийн солиогүй шууд гэнэдүүлэн маш чанга цохисон нь их сонин.
– Хүлээн авалт болж байсан гэл үү? Мэдээж “Тээврийн долоо хоног” гэх арга хэмжээ өндөрлөж байсан байх, тийм үү?
– Скай ресортын тэнд “Хүн театр” гэх хурал, зөвлөгөөн болдог газар бий. Тэнд тухайн өдөр олон улсын тээврийн форумыг төгсгөл буюу албан ёсны хүлээн авалт болсон. Форумд оролцсон олон улсын олон тооны удирдах албан тушаалтнууд оролцсон. Ингээд хүлээн авалтын сүүлээр сайд маань хундага барьж, ширээ тойрч явсан. Ингэхдээ манай ширээнд хүрч ирснээ их сонин утга бүхий зүйлийг хэлсэн л дээ.
– Юу гэж хэлсэн гэж…?
-Оросын нөлөөнд орчихсон хүмүүс гэх маягтай зүйлийг олон улсын төлөөлөгчдийн өмнө улаан цагаан хэлсэн. Тэр олон гадаад хүмүүсийн өмнө биднийг хамгийн том байгууллага атлаа хамгийн хөгждөггүй, хоцрогдсон байгууллага гээд. Учир нь Оростой хамтарсан учраас ямар ч хөгжил явагддаггүй ийм газар гэсэн утга бүхий зүйл ярьсан л даа. Ингээд ярихаар нөгөө гадаадын том төлөөлөгчид хөхрөлдөөд. Дараа нь сайд УБТЗ-ын төлөөлөл болсон бид 4-г оросын нөлөөний хүмүүс гэж заахаар бүгд шоконд орж гайхсан. Ингээд орчуулга хийж явсан залуу нь сайдыг аваад цаашаа явсан. Ийм өндөр албан тушаалтай хүн олон улсын хүлээн авалтад архи барьчихаад ингэх хэр зөв юм бол.
– Тэгээд ширээ тойрч явахдаа танай ширээн дээр очоод таныг цохичихсон хэрэг үү?
– Үгүй ээ. Тун удалгүй хүлээн авалт өндөрлөсөн. Бидний хувьд иймэрхүү хүлээн авалт, арга хэмжээний үеэр ирсэн сайдаа угтан авч дараа нь үдэн гаргадаг заншилтай. Тэр ёсоор л сайдыг явлаа гэхэд бид үүдний өлгүүр хэсэгт эгнэж зогсоод сайдаа үдэх гэж байсан л даа. Ингээд сайд эгнээд зогсчихсон улсуудтай эхнээс нь гар бариад явж харагдсан. Улмаар миний өмнө ирэхэд нь би бас гар барих гэж байна л гэсэн бодолтой хүлээж байв. Хэн ч шууд цохичихно гэж бодохгүй шүү дээ. Гэтэл гэнэдүүлээд гэнэт чанга чамархай руу цохисон.
– Хүлээн авалт болсон гэхээр сайд согтуу байсан уу?
– Бүр их согтуу бол байгаагүй. Мэдээж хүлээн авалт болохоор ганц нэг татсан байх. Тэр утгаараа бага зэрэг халамцуу байсан болов уу. Гэхдээ бид бол огт уугаагүй байсан. Тус арга хэмжээ тийм ч их удаан болоогүй. Ер нь 2-3 цаг л үргэлжлээд дууссан.
– Та хоёрын хувьд хувийн ямар нэгэн харилцаа, зөрчил гэх зүйл бий юу?
– Сайд бол том хүн шүү дээ. Бид бол шууд харьцахгүй. Доогуурх газар, тамгын хүмүүстэй нь л уулзаж, харилцана. Ганц таарах боломж нь томоохон хурал зөвлөгөөний үеэр л сайдыг хардаг. Тиймээс юм ярих битгий хэл муудалцах зүйл огт байхгүй. Миний хувьд лав сайдтай янз бүрээр уулзах, ямар нэгэн асуудал дээр санаа зөрөх тохиолдол юу ч гараагүй, гарах ч боломжгүй.
– Оростой хувь тэнцүү байгууллага учраас Монгол Улсын Засгийн газрын чиг үүргийг хүлээн авдаггүй гэх шүүмжлэлийг салбарын яамныхан ярьдаг. Энэ хэр бодит асуудал вэ. Үүнээс болоод сайд нь уурлаад, таныг цохисон байх боломжтой юу?
– Тийм зүйл гэж юу байх билээ дээ. Төмөр зам гэдэг бол хагас цэргийн зохион байгуулалттай газар. Сайдын хувьд Монгол талын хувьцаа эзэмшигч. Салбарын сайдын өгсөн удирдамжийн дагуу манай Ерөнхий хороо (ТУЗ) хуралддаг. Тэрнээс гарсан шийдвэрүүдийг бид хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэх ч үүрэгтэй хүмүүс. Тэгэхээр цаад утгаараа бол манай үйл ажиллагааг шууд салбар хариуцсан сайд нь удирдаж явдаг гэсэн үг. Тэгэхээр бид юу гэж Засгийн газрын эсрэг зүйл хийх билээ дээ. Ямар ч тийм боломжгүй.
– Таны хувьд Төмөр замын салбарт ирээд хэдэн жил ажиллаж байгаа юм бэ?
– Миний хувьд хоёр жил ажиллаж байна.
– Улс орны хэмжээнд түлш шатахууны асуудал их тулгамдаж байна. Үүнийг төмөр замын тээвэрлэлттэй холбоотой гэж хэлэх хүмүүс байна л даа. Үүнээс болоод төмөр замынхан ажлаа сайн хийсэнгүй гэдэг асуудал үүссэн байж болох уу?
– Манай төмөр зам хэвийн хүчин чадлаараа маш сайн ажиллаж байгаа. Үүнийг салбарын сайд маань саяхан зурагтаар хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголын нутгаар явж байгаа төмөр зам дээр ямар ч асуудал байхгүй байгаа гэж хэлсэн. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал бүр илүү ч орж ирсэн байгаа. Миний ойлгож байгаагаар бол манай дотоодын хэрэглээ огцом өссөн юм шиг байна лээ. Тухайлбал уул уурхайн салбарын түлшний хэрэглээ гэхэд өнгөрсөн жилийнхээс даруй хоёр дахин өссөн гэж дуулсан. Түүнээс болоод эрэлт нэмэгдчихээр түр зуурын хомсдол бий болоод байна уу даа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн мөн үед Оросоос орж ирсэн түлшний хэмжээнээс арай илүү орж ирсэн. Гэвч хомсдол бий болсон нь хэрэглээ өндөр болсоных болов уу.
– Асуудал руугаа хоёулаа эргээд оръё. Сайддаа гэнэт цохиулчхаад өөдөөс нь та ямар нэгэн тайлбар нэхсэн зүйл хэлсэн үү?
– Үгүй ээ. Би юу ч дуугараагүй. Нэгдүгээрт, би өөрөө гэнэт цохиулсан учир манарсан. Хүн чинь гэнэтийн зүйлд их манарч, тулгамддаг юм билээ. Үндсэндээ балмагдаад цочирдчихсон байсан. Ингээд нэг орчноо мэдрээд хартал сайд явчихсан байсан л даа. Ингээд удалгүй миний хувьд гэртээ очсон.
– Тэр явдлаас хойш бараг л cap болох гэж байна. Одоо болтол тантай ямар нэгэн байдлаар холбогдоогүй юу?
– Үгүй.
– Та энэ асуудал дээр цаашид ямар арга хэмжээ авагдах бол?
– Миний ойлгож байгаагаар хууль хяналтын байгууллага нь асуудлыг шийдэх байх гэж харж байгаа. Миний хувьд цохиулсныхаа дараа сайдыг эр хүн шиг долоо, найман хоног хүлээсэн шүү. Аргагүй эрхэнд эрүүл мэндээ бодоод эмчлүүлж эхэлсэн. Түүнээс биш ганц цохиулчихаад л гүйж туугаад байсан зүйл огт байхгүй ээ.
– Таны хувьд өнөөгийн салбар хариуцсан сайдын хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг нь хэрхэн үнэлж хардаг вэ?
– Сайн ажиллаж байгаа хүн юм болов уу л гэж боддог. Ер нь манай Зам тээврийн яамныхан сайн ажиллаж байгаа.
– Та хоёрын дунд гадны ямар нэгэн нөлөө орсон гэж бодож үзсэн үү. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн улс төрийн болоод бусад зорилгоор та хоёрыг эвдрүүлэх гэж зориуд ийм зүйлийг сэдсэн байх боломжтой юу?
– Тийм зүйл байхгүй байх аа. Миний хувьд өөрөөсөө өндөр албан тушаалтай хүнтэй маргалдах, муудалцах асуудал огт гаргадаггүй. Ёс зүйн хувьд ч энэ асуудал өөрөө утгагүй зүйл.
– Сайд хүрч ирээд асуудлыг дуусгая. Үл ойлголцлоо зогсооё гээд уучлал гуйгаад ирвэл та хүлээн авах уу?
– Миний хувьд олон хоног хүлээсэн. Хүрээд ирвэл ярьж хөөрөөд болно биз дээ. Миний хувьд тэгж бусдад шаралхдаг, өс санадаг хүн огт биш. Ямар сайндаа би эр хүний жудгийг бодоод цохиулчхаад чимээгүй долоо хоног хүлээсэн. Нэр төрийг нь сэвтээчих болов уу гээд олон нийтэд огт зарлаагүй удсан. Аргаа бараад л эмнэлгээр явах болсон.
Тэгээд хамаг учир явдлаа үнэнээр нь хэлэх болсон. Худлаа хэлж болохгүй. Тиймээс юу болсон талаар үнэн бодит асуудлыг л хэлсэн. Түүнээс биш миний хувьд хэн нэгнийг харлуулъя, муулъя, үүнийгээ улс төрийн сонирхлоор ашиглая гэж огт бодоогүй. Миний зан, баримталдаг зарчим ч үүний эсрэг байдаг.
– Бидэнтэй дэлгэрэнгүй чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа…?
– Баярлалаа, та бүхэнд…
Эх сурвалж: “Өдрийн сонин”