УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Дотоодод эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчний жагсаалт байгаа юм. Эдгээр өвчнийг оношилж, эмчлэх чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ технологи нэвтрүүлбэл энэ чиглэлээр 50-иас доошгүй удаагийн тохиолдлыг гүйцэтгэх, тэрхүү зардлаа тухайн эрүүл мэндийн байгууллага өөрөө хариуцах журамтай. Эмнэлгийн байгууллагууд энэ төрлийн зардлаа бие даан хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удааширалтай байгаа юм. Иймд эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан” хэмээн онцлов.