Улаанбаатарт хүйтний эрч чангарснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсч байгааг эрчим хүчний салбарынхан анхаарууллаа. Дүн өвлөөр гал алдах аюул тулж ирсэн учир хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрчим хүчээ хэмнэхийг тус салбарынхан иргэдэд анхааруулахаас аргагүйд хүрчээ!
Энэ өвөл байдал харьцангуй чангарах төлөвтэй болчихлоо. Гэтэл манай эрчим хүчний чадавх ямар билээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн одоогоос жилийн өмнө “Эрчим хүчний асуудлыг аргалах бүх нөөц шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн нь аргаа барсан хүний л үг. Тэр цагаас хойш бүтэн жилийн хугацаанд энэ салбарт ямар ахицтай ажил хийв?
Байдал ийм хүнд байхад гэр хорооллын шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргадаг нь буруу шүү дээ. Улаанбаатарын нүсэр гэр хорооллынхон дотор даарахгүйн тулд есөн шидийн халаагуур залгах айл өрх бий. Үүнийг дагаад эрчим хүчний ачаалал нэмэгдэх нь зүй тогтол. Станцуудын ачаалал хэтэрч, ноцтой эвдэрэл гарвал улсын нийслэл хөлдөх аюултай. Төвийн шугамтай холбогдсон аймаг, сумдуудад ч ноцтой асуудал үүснэ. Эрчим хүч бол энэ улсын зүрх нь! Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөржиж, идэж ууж байхын оронд эрчим хүчнийхээ салбарыг өөд нь татахгүй яав даа?! V цахилгаан станцын сураг гараад л байсан, гараад л байсан. Эцсийн эцэст таг зогссон. Одоо хөндөж байгаа хүн нэгээхэн ч алга.
Д.Лхагва