Утаа утаа гээд л орилцгоох юм. Утааны шалтгааныг нь ярь л даа. 30 жилийн алдаагаа эргэж хар! Засах гэж оролд. Утаагүй зуух, утаагүй түлш, цахилгааны хөнгөлөлт энэ тэр бол зүгээр л амь аргацаасан арга ядсан ажил. Амны хаалт зүү гэж уриад л, УИХ-ын гишүүн, дарга сайд нар нь өөрсдөө очиж зүүж өгөөд байх нь ичиж халагламаар эмгэнэлт шоу. Утаа үүссэн шалтгаан нь хөдөөнөөс хот руу чиглэсэн хяналтгүй нүүдлээс болсон шүү дээ. Төр эзэнгүйдсэний бүр хүчгүйдсэний гашуун үр дагавар!
Нийслэл рүү чиглэсэн нүүдлийг зогсоогоогүй цагт сургууль, цэцэрлэг шинээр бариад ямар ч нэмэргүй. Хөдөөнөөс орж ирж байгаа айл өрхийн хэдэн хувь нь орон сууцанд орох чадалтай вэ? Тун цөөхөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, үүдээс үүдээд утааны асуудал улам нэмэгдэнэ. Дагаад нийгмийн асуудал хүндэрнэ. Тиймээс л төвлөрөлийг сааруулах нь төр засгийн номер нэг асуудал болоод байна даа!
Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөдөөгийн сэргэлт хэмээх зорилт дэвшүүлсэн. Орон нутаг руу явбал орон сууцны хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн. Цалин мөнгийг нь нэмнэ гэсэн. Гэвч хот руу л нүүж ирээд байхаас хөдөө явья гэсэн бодолтой хүмүүс цөөхөн байна шүү! Хөдөөг яаж хөгжүүлэх вэ?
Д.Дорж