Пёньяны хувьд цэргийн тагнуулынх хэмээн мэдэгдэж буй хиймэл дагуул тойрог замд орсон гэж дүгнэж байгаа боловч хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь тодорхойлоход илүү хугацаа шаардлагатай гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн лхагва гарагт мэдэгджээ.
Умард Солонгосын тал энэ онд гурав дахь оролдлогоороо хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгдсэний дараа Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо /JCS/ дээрх дүгнэлтийг хийсэн байна.
“Нислэгийн траектор болон бусад үзүүлэлтүүдэд иж бүрэн дүн шинжилгээ хийсний дараа хиймэл дагуулыг тойрог замд оруулсан гэж дүгнэсэн. Гэхдээ хиймэл дагуул хэвийн ажиллаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд илүү их дүн шинжилгээ, цаг хугацаа шаардлагатай” гэж JCS мэдэгджээ.
Умард Солонгосын тал мягмар гаргийн 22:42 цагт баруун эрэг дэх хөөргөх талбайгаас “Маллигён-1” хиймэл дагуулыг шинэ төрлийн “Чоллима-1” пуужингаар хөөргөсөн гэж тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг (KCNA) өмнө нь мэдээлсэн юм.
Хиймэл дагуул Гуам арал дээрх АНУ-ын цэргийн баазуудын зургийг авч, Пёньян руу илгээсэн гэж KCNA агентлаг лхагва гаргийн өглөө мэдээлжээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.