Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогт сонгогдсон чинь Ц.Элбэгдоржийн талынхан ихэд дургүйцэж, хилэгнэж байгаагаа нуусангүй. Учир нь Т.Батцогт нь Х.Баттулгын хүн юм байх. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд эрх ашиг, үзэл бодлын том зөрчил бий. Мань хоёр нэг л хэл амаа ололцож чадахгүй байгаа нь Элбэгээгийн мэдлийн гэгддэг сайтад гарч буй Х.Баттулгын эсрэг дайралтуудаас тодорхой харагддаг.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Улсын ерөнхий прокурорт хандаж Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт тавих үеэрээ “Иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. Энэ хэргийн талаарх баримт хэлье. 2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон 40 гишүүн зогсоосон юм. Тэдний нэг нь би. Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон. Энэ бол 60 тэмбумын нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөнөөс мөн. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байгааг асууж байна” хэмээн нэлээд ноцтой дуугарсан билээ.
Ц.Элбэгдорж хариуг нь ердөө маргааш нь өгөхдөө “Х.Баттулга бол зүгээр л нэг хулгайч. Би хулгайчийг үнэрээр нь танина” гэж уур бухимдлаа барьж ядан мэдэгдсэнийг хүмүүс мартаагүй.
Х.Баттулга Ц.Элбэгдоржтой холбоотой дээрх үгээ Өмнөговьд ажиллаж байх үеэрээ давтсан байдаг. Тодруулбал, Женко 2022 оны 3 дугаар сарын 30-нд Өмнөговь аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадын “Шинхуа” гэж компанид 100 жилээр түрээслэх санал УИХ-д оруулж ирж байсан юм. 100 жилээр шүү дээ. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг яллах гээд байгаа юм биш. Үеийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсыг удирдаад явна. Тэгэхдээ хэн нь ч, хэзээ ч газар нутгаа тасдаж, гадныханд 10, 20, 30, 100 жилээр өгч болохгүй ээ гэснээс болж би маш олон дайсантай болсон. Ц.Элбэгдоржтой муудсан шалтгаан бол эх орон, газар нутаг, Тавантолгой, баялгаа харийнхнаас хамгаалсан явдал юм шүү. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Үнэндээ нөгөө хэд чинь л нийлчихээд над руу дайраад байгаа шүү дээ. Ерөөсөө гурав, дөрөвхөн хүн байгаа. Ц.Элбэгдоржтой би 30 гаруй жил найзалсан. Яг ийм зүйл дээр бол би хүлээн зөвшөөрч, цаашид найзалж явах боломжгүй болсон” хэмээн нэлээд ноцтой гэмээр зүйл ярьсан нь хуучраагүй байна. Тэр хүн хэлсэн үгэндээ эзэн байж Ц.Элбэгдоржоос зам салахаас шийдсэн нь тодорхой харагдана. Гэхдээ Х.Баттулга АН-аас гарч шинэ нам байгуулах бус АН дотор нөлөөгөө тогтоохоор зүтгэж байгаа нь нэгэнт ойлгомжтой болжээ. Тэр нийслэлийн АН-ыг авчихлаа. Одоо Лу.Гантөмөрийг ганхуулж, улмаар огцруулж өөрийн хүнээ АН-ын толгойд гаргахын төлөө ажиллаж байна.
Д.Лхагва