Ялангуяа шөнө оройн цагаар автобусны буудлууд хөл гишгэх зайгүй болчихдог. Уг нь автобуснууд ар араасаа ирээд л байх юм. Даанч хүнээ шингээж чадахгүй байна. 30 жилийн өмнө автобусны тоо цөөн байлаа. Заримдаа бүтэн цаг хүлээх бол энүүхэнд. Тийм учраас хүн нь багтахгүй “алалцаан” болдог байсан юм.
Гэтэл өнөөдөр нийслэлд оршин суугчдын тоо ч өссөн. Нийтийн тээврийн хэрэгсэлийн тоо, хүртээмж ч харьцангуй нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ л автобус ачааллаа дийлэхгүй байна. Зорчигчид багтахгүй байгаа болохоор жолооч нар нь хаалгаа бушуухан хааж аваад талийж байгаа дүр зураг хаа сайгүй. Бухимдсан, харааж ерөөсөн улс буудал дээр үлдэж хоцорч байна. Ийм байдал тийм амархан шийдэгдэхгүй. Автобусны тоог нэмээд ч байдал сайжрахгүй. Замын ачаалал улам л нэмэгдэнэ. Тийм учраас хот руу чиглэх шилжилт хөдөлгөөнийг л хязгаарлаж, орон нутагт ажиллаж амьдрах бололцоог бүрдүүлмээр байна!
Төр засгийн хувьд зоригтой арга хэмжээ авахгүй бол нийслэл хот ачааллаа дийлэхээ болилоо. Төв рүү шилжиж ирэх нь хүний эрхийн асуудал гэдэг ойлголтоо эргэж харах цаг болжээ. Улс орны эрх ашгийн үүднээс хүний эрх гэдэг ухагдахууныг авч үзэх нь зөв!
Д.Лхагва