НАТО-д гишүүнээр элсэх Швед улсын хүсэлтийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг Туркийн парламентын Гадаад бодлогын хороо хойшлууллаа. Пүрэв гарагт гаргасан энэ шийдвэр нь 18 сар хүлээсний эцэст НАТО-д элсэх гэсэн Скандинавын улсын итгэл найдварыг алдагдуулсан хэрэг байв.
Уг хуулийн төслийг дахин хянан хэлэлцэж байж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулж магадгүй гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч намын хяналтад байдаг дээрх хорооны дарга Фуат Октай хэлсэн бөгөөд харин хэзээ хэлэлцэж эхлэхийг тодорхой дурдсангүй.
“Манай хууль тогтоогчид Шведийн гишүүнчлэлийг батлахын тулд өөртөө бүрэн итгэлтэй байх ёстой. Бид энэ асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ” гэж хэдэн цагийн турш үргэлжилсэн хурлын дараа Ф.Октай сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Шведийн хүсэлтийг парламентаар соёрхон батлуулах үйл явцад нөлөөлөхийг бид хичээнэ. Гэхдээ Швед улс Курдын зэвсэгт бүлэглэлийн эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй” гэж Р.Эрдоган энэ сард мэдэгдэж байсан юм.
Дээрх хуулийн төслийг соёрхон батлуулахаар парламентад өргөн барихын өмнө Гадаад бодлогын хороо батлах ёстой юм. Үүний дараа Ерөнхийлөгч Р.Эрдоган хуулинд гарын үсэг зурна.
Эргэн сануулахад, ОХУ Украин руу халдан довтолсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан билээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.